Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Тбилисийн гран при тэмцээн өнөөдөр уламжлал ёсоор хүнд жингийн барилдаануудаар үргэлжилж байна. Тэмцээний эхний хоёр өдрийн дараах байдлаар МУГТ М.Уранцэцэг өөрийн жиндээ хүрэл медаль хүртэж дөрвөн бөх шагналт байранд орсон байна.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн -78кг, +78кг, эрэгтэйчүүдийн 90кг, -100кг, +100кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас дөрвөн жинд таван бөх барилдсанаас -90кг жинд барилдаж буй Г.Алтанбагана хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон бол бусад бөхчүүд маань ялагдан тэмцээнээ дуусгаад байна.
Армийн Дэлхийн Аварга, Алдар Спорт Хорооны тамирчин Г.Алтанбагана эрэгтэйчүүдийн -90кг жинд өнөөдөр дараах барилдаануудыг хийлээ.
- Эхний тойрогт Их Британи улсын Фразер Чамберлантай барилдан цэвэр ялсан
- Хоёрдугаар тойрогт Узбекстан улсын жүдоч Якёо Имамовтой барилдан ялсан.
- С хэсгийн аваргын төлөө тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны бөх Века Гвиниашвилитэй барилдан ялагдаж дагах барилдаан хийх болсон.
- Дагах барилдаанд Чех улсын жүдоч Жири Петртэй барилдан цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
Хүрэл медалийн төлөө Узбекстан улсын жүдоч Давлат Бобоновтой барилдах юм. Медалийн төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар 21:00 цагт эхлэх ба манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлнэ.