Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) чансаа өндөртэй Екатеринбургийн их дуулга тэмцээн амжилттай зохион байгуулагдаж байна. Хоёр өдрийн дараах байдлаар Монгол улсын баг тамирчид нэг алт (-60кг жинд барилдсан Л.Өнөболд), нэг хүрэл медаль (-63кг жинд барилдаж буй Б.Ганхайч) хүртсэн амжилтаар энэ удаагийн их дуулга тэмцээнд 47 орноос медалийн чанараараа тавдугаар байрт эрэмбэлэгдэж байна.
Өчигдөр эмэгтэйчүүдийн -63кг жинд барилдсан Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Б.Ганхайч дараах барилдаануудыг хийж хүрэл медалийн эзэн боллоо.
- Эхний тойрогт Марокко улсын жүдоч Софиа Беллаттартай барилдан торгуулиар цэвэр ялсан.
- Хоёрдугаар тойрогт Их Британийн шилдэг жүдоч Алис Шлесингертэй барилдан даралтаар цэвэр ялсан.
- Хэсгийн аваргын төлөө Канадын шилдэг жүдоч Катерине Пинардад нэмэлт цагт ялагдсанаар дагах барилдаан хийх болсон юм.
- Дагах барилдаанд Нидерландын шилдэг жүдоч Санне Вермийртэй маш хүнд барилдааныг хийн нэмэлт цаг дээр торгуулиар цэвэр яллаа. Санне Вермийрийн хувьд өнгөрсөн жил 21 хүртэлх насны ДАШТ-д түрүүлсэн тамирчин юм.
- Хүрэл медалийн төлөө Израйлын Гили Шариртай барилдан ваза-ари үнэлгээгээр ялж хүрэл медаль хүртлээ.