Якутын анхны олимпийн аварга, ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Роман Дмитриев агсны нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн долоо дахь удаагийн залуучуудын олон улсын тэмцээний хоёр дахь өдөр 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан боллоо. 74 кг жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Journeymen Cliff Keen” ОУТ-ий аварга, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин ОУХМ Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ мөнгө, 86 кг-ын жинд өсвөр үе, залуучуудын улсын аварга, Баянхонгор аймгийн “Хонгор нутаг” дэвжээний тамирчин спортын мастер Энхтүвшингийн Батмагнай хүрэл медаль хүртэв. Б.Бат-Эрдэнэ Якутын дэвжээнд шөвгийн наймд АНУ-ын Эмиль Шэнноныг 9:6-гаар, хагас шигшээд Казахстаны Адирхан Амирханылыг оноогоор цэвэр (10:0) ялсан ч алтан медалийн төлөөх барилдаанд Кемеровогийн Дмитрий Купринд 3:5-аар ялагдлаа.
Харин Э.Батмагнай хүрэл медалийн төлөөх барилдаанд Беларусийн Алексей Пархоменкаг 9:7-гоор ялснаар өнгөрсөн жилийн амжилтаа бататгав.
ОУХМ Б.Бат-Эрдэнийн алтан медалийн төлөөх барилдааны бичлэг