Жүдо бөхийн энэ оны эхний их дуулга тэмцээн болох "Парисын их дуулга" тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Дэлхийн шилдэг хүчтэнүүд цугласан их дуулга тэмцээний эхний өдөр манай тамирчдаас эрэгтэйчүүдийн -73кг жинд барилдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хороо, “Империал гоулд майнинг” компаний тамирчин, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт Ц.Цогтбаатар мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн -60кг жинд хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдээс -48кг жинд Г.Наранцэцэг, -52кг жинд МУГТ М.Уранцэцэг, -57кг жинд Л.Энхрийлэн нар шагналт тавдугаар байр эзэллээ.
Манай сайт монгол бөхчүүдийнхээ барилдаануудын бичлэгийг цувралаар хүргэх бөгөөд энэ удаад та бүхэндээ эмэгтэйчүүдийн -57кг жинд шагналт тавдугаар байрт шалгарсан Л.Энхрийлэнгийн бүх барилдааны бичлэгийг түүвэрлэн хүргэж байна. -73кг жинд барилдсан Ц.Цогтбаатарын бүх барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны тамирчин, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, 2019 оны Монгол Улсын аварга Л.Энхрийлэн эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Германы шилдэг жүдоч Треза Столлтой барилдан ялсан юм. Герман жүдочийн хувьд 4690 оноотойгоор дэлхийн чансааны зургаад эрэмбэлэгдэж байгаа шилдэг жүдоч юм.
Гуравдугаар тойрогт Францийн Приссиллатай барилдан яллаа.
D хэсгийн аваргын төлөө Олимп, дэлхийн аварга Рафелло Силваг яллаа. Л.Энхрийлэнгийн хувьд ийнхүү Силва аваргыг хоёр дахь удаагаа хожиж байгаа нь энэ юм.
Хагас шигшээд Канадын шилдэг жүдоч Климкайт Жессикайдэд харамсалтайгаар ялагдлаа.