“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн өчигдөр ОХУ-ын Красноярск хотод энэ сарын 24-27 өдрүүдэд явагдаж дууслаа.
Манай сайт чөлөөт бөхийн “Красноярск-2019” Гранпри тэмцээнд медаль хүртсэн монгол тамирчдынхаа барилдаануудын бичлэгийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа эрэгтэйчүүдийн -65кг жинд барилдсан бөхчүүдийнхээ бүх барилдааны бичлэгийг түүвэрлэн хүргэж байна. Энэ жинд манай 3 бөх буюу Б.Батмагнай, Н.Лхамгармаа, Т.Тулга нар барилдсан юм.
Манайхнаас хамгийн эхний барилдааныг өсвөр үеийн Азийн аварга, “Арслан” клуб, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Т.Тулга БНХАУ-ын Зенгуан Тиантай барилдан 6:0-оор яллаа.
Харин манай хоёр бөх эхлээд шууд хоорондоо оноолт таарлаа. Азийн АШТ-ий хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Батчулууны Батмагнай Азийн АШТ-ий хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Батсайханы Нэмэхбаяр нар хоорондоо учраа тааран барилдлаа.
Шөвгийн 8-д ОУХМ Т.Тулга Туркын Ценгизхан Эрдогантай барилдан манай бөх 12:6-аар ялж цааш барилдах эрхтэй боллоо.
ОУХМ Батчулууны Батмагнай ОХУ-ын Начын Куулартай барилдан 11:9 харьцаагаар ялагдал хүлээлээ.
Б.Батмагнайг ялсан ОХУ-ын Начын Куулар финалд үлдсэн тул манай бөх дагах барилдаанд Румыны Иван Гайдеатай барилдан 5:0-оор ялж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд монголын хоёр тамирчин хоорондоо хүч үзэв. Азийн АШТ-ий хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Батчулууны Батмагнай, өсвөр үеийн Азийн аварга, “Хүч” спорт хороо, “Арслан” клубийн тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга нар хоорондоо барилдсан юм. Ингээд хоорондоо медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд насаар ах, туршлагаар илүү Б.Батмагнай 4:2-оор ялав. Б.Батмагнай өнгөрсөн жил тус тэмцээний хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж байсан бол энэ удаа алдаагаа засч, шагналын тавцанд зогсох эрхтэй боллоо.