Энэ өдрүүдэд зохион байгуулагдаж буй бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй чөлөөт бөхийн төрөл эхэллээ.
Иордан улсын Амман хотноо зохион байгуулагдаж буй бөхийн төрлүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хуваарийг ЭНД дарж үзнэ үү.
Эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд манай бөхчүүд таван медаль хүртэж багийн дүнгээр дөрөвдүгээр байрт орсон тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл өчигдөр /гуравдугаар сарын 29-ний өдөр/ эрэгтэй чөлөөт бөхийн эхний таван жингийн барилдаан явагдлаа.
Манай бөхчүүдээс:
-57кг жинд: 23 хүртэлх насны дэлхийн аваргын хүрэл медальт Б.Мөнх-Эрдэнэ манай бөхчүүдийн салхийг хагалан Афганистаны бөхийг цэвэр ялж шөвгийн наймд шалгарсан юм. Шөвгийн наймд Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Кыргызстаны Алмаз Сманбековтой барилдан үндсэн цагт 8:8 оноогоор тэнцэж дууссан ч манай бөх бүхэл онооны чанараар ялалт байгууллаа. Б.Мөнх-Эрдэнэ хагас шигшээд Азийн наадмын мөнгөн медальт БНАСАУ-ын Хан Чон Сонтой барилдан 9:6 харьцаагаар ялагдсан ч хүрэл медалийн төлөө Японы Р.Сакамотог 5.1 харьцаагаар ялж Ази тивийн анхны медалиа хүртлээ.
-65кг жинд: Дэлхийн аваргын мөнгөн медальт Ц.Цогбадрах эхний өрсөлдөгч болох Азийн наадмын хүрэл медальт БНАСАУ-ын Ким Кван Жинг ялж, шөвгийн наймд Казахстаны Нурсултан Садикийг цэвэр ялж хагас шигшээд шалгарсан юм.
Хагас шигшээд ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн хошой аварга Кыргызстаны Тайюрбек Жумашбекийг 5:2-оор буулган авч аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх эрхээ авлаа. Алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий хүрэл медальт, 2024 оны бүх Японы аварга Кайсей Танабед ялагдан мөнгөн медаль хүртсэн нь түүний Ази тивийн аваргаас хүртэж буй анхны медаль нь юм.
-70кг жинд: МУГТ Т.Тулга жин өгсөн барилдан шагналт тавдугаар байрт шалгарлаа.
-79 кг жинд: 2023 оны Азийн аваргын хүрэл медальт О.Сүлдхүү эхний барилдаандаа 20 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт Японы Рюносүкэ Камияг ялсан юм. Улмаар хагас шигшээд Азийн АШТ-ий хүрэл медальт Бахрейний Курбан Саипудиновт ялагдан хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм. Хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий алт, хүрэл медальт Кыргызстаны Арсалан Будажаповыг ялж тивийн аваргын медалиа ихэрлүүллээ.
Жич: Барилдааны бичлэгүүдийг Монголын чөлөөт бөхийн холбооны
олон нийтийн сүлжээнээс авч ашиглав.