Канад улсын Ванкувер болон Викториа хотноо шайбтай хоккейн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах 43 дах удаагийн тэмцээн он дамнан явагдаж байна. ДАШТ-д оролцож буй 10 улсын баг 2 хэсэгт хуваагдан хүч үзсэн ба урд шөнө шөвгийн 8 багийн тоглолт явагдаж дууслаа.
Түрүү жилийн дэлхийн аварга Канад улсын шигшээ баг энэ удаагийн ДАШТ эхэлсэн өдрөөс эхлэн хамгийн хүчтэй баг байж бараг л бүх өрсөлдөгч багуудаа илт илүүрхэн хожиж байсан юм. Харин хэсгийн хамгийн сүүлийн тоглолтонд ОХУ-ын багт хожигдсон шокноосоо гарч чадаагүй бололтой. Урд шөнө шөвгийн наймын тоглолтонд В хэсгийн гураваар гарч ирсэн Финландын багт 2:1 харьцаагаар хожигдож тэмцээнээ дуусгалаа. Ийнхүү тэдний дахин дэлхийн аварга болох зорилго нь талаар боллоо. Түрүү жил энэ хоёр баг нэг хэсэгт таарахад Канадын шигшээ баг 4:2 харьцаагаар буулган авч байсан бол энэ удаад Финландчууд хариугаа сайн авлаа.
Тоглолтын хоёрдугаар үед гоолын салхийг Канадын багийн довтлогч Митчелл Лан Финландын хаалганд гоол хийлээ. Гуравдугаар үед Финландчуудын тактик нүдээ олж үеийн төгсгөлд Хепониэми Алекси оноог тэнцүүлж чадлаа. Хэрэв хэдхэн секунд Канадчууд хаалгаа хуурай манасан бол хожих бүрэн боломж байсан ч тэд чадсангүй. Нэмэлт цагт Канадын шигшээ багийн 20 дугаартай тоглогч хаалгачийн эсрэг ганцаараа пиналт цохиод алдлаа. Үүнээс 4 минутын дараа Финландын Утунен Тони гоолдсноор Финландчууд шөвгийн 4-т үлдэж Канадчууд нутаг дээрээ болж буй ДАШТ-д медальгүй хоцорлоо.
Канадчуудын энэхүү ялагдал нь өөрийн нутагтаа зохион байгуулсан тэмцээнд түүхэндээ анх удаа медальгүй хоцорч байгаа тохиолдол боллоо. Мөн энэхүү тоглолт нь хоёр багийн хувьд 1979 оноос хойш хамгийн бага гоолтой тоглолтоор нэрлэгдэж байна. 1979 онд зохион байгуулагдсан ДАШТ-д Канадын баг Финландыг 2:1 харьцаагаар хожиж байсан түүхтэй юм.
Тоглолтын дараа Финландын дасгалжуулагч сурвалжилагчид ярилцлага өгөхдөө: "Бид 60 минутын турш маш сайн тоглолтыг үзүүлж чадлаа. ДАШТ эхэлсэнээс хойш бид маш их боломжуудаа алдаж байсан ч энэ удаад манай баг боломжоо ашиглаж агуу ялалтыг байгууллаа" хэмээн хэлсэн байна.
Финланд болон Канадын шигшээ багуудын гал гарсан тоглолтын бүрэн бичлэг: