Мэргэжлийн снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний тойргийн тоглолтууд явагдаж өндөрлөлөө.
Хоёрдугаар тойрогт таамгийн дагуу дэлхийн аваргууд, чансаа өндөртэй тамирчид шалгарч байгаа ч 2019 оны дэлхийн аварга бөгөөд дэлхийн чансааны 5-д эрэмбэлэгдэж байгаа Жадд Трамп аварга Энтони Макгиллд хожигдон тэмцээнээ дуусгасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл урьд шөнө 2005 оны дэлхийн аварга бөгөөд дэлхийн чансааны 4-т эрэмбэлэгдэж буй Шаун Мөрфи аварга доогуур чансааны (дэлхийн чансааны 80-д эрэмбэлэгдэж буй) БНХАУ-ын залуу тамирчинд Си-д хожигдон тэмцээнээ дуусгалаа.
Хоёр тамирчны хувьд өмнө нь 2021 оны "UK Championship" тэмцээнд анх учраа таарахад мөн л Си 6:5 харьцаагаар хожигдож байлаа. Тухайн үед Ш.Мөрфи аварга хатуухан мэдэгдэл хийж байсан ба: "Сонирхогчдыг мэргэжлийн тэмцээнд оролцуулж болохгүй. Энэ нь шударга биш." хэмээн мэдэгдэж байлаа.
2021 оны "UK Championship" тэмцээний шийдвэрлэх өрөг.
Тэгвэл урьд шөнө дэлхийн аваргын ширээнд тэд дахин учраа таарсан юм. 20 насны зөрүүтэй хоёр тоглогч 9:9 харьцаагаар тэнцэн эцсийн мөч хүртлээ ширүүн өрсөлдлөө. Харин энэ удаад Мөрфи аварга ялагдлаа хүлээн зөвшөөрч: "Өнөөдөр миний биш Сигийн өдөр байлаа. Магадгүй энэ жил биш юм гэхэд хэзээ нэгэн цагт тэр дэлхийн аварга болох анхны Хятад тамирчин байх болов уу. Түүнд хүн бүрт байдаггүй зоригоос гадна баруун, зүүн гараараа чөлөөтэй ээлжлэн тоглох чадвар байна." хэмээсэн бол Си: "Би ялахын тулд тоглоогүй, зүгээр л түүнээс суралцахыг хүссэн. Мөрфи аварга маш сайн формтой байгаа шүү дээ" хэмээсэн байна.