Жүдо бөхийн Бакугийн их дуулга тэмцээн өнгөрөгч долоо хоногт явагдаж өндөрлөлөө.
61 орны 366 жүдоч өрсөлдсөн энэ удаагийн их дуулгад тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны /Азербайжан/ баг дөрвөн алт, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар хол тасархай тэргүүлсэн бол манай улсаас эмэгтэйчүүдийн -52кг жинд Л.Сосорбарам мөнгө, эрэгтэйчүүдийн -60кг жинд Б.Цогт-Очир хүрэл медаль хүртсэн амжилтаар 14 дүгээр байрт шалгарлаа.
2022 оноос Азербайжан улсын нэрийн өмнөөс барилдах болсон олимпын мөнгө, дэлхийн аваргын алт, хүрэл медальт С.Моллай жиндээ аваргалж алтан медаль хүртлээ. Он гарсаар Унгарын их дуулга, Загребийн гран при тэмцээнүүдэд үзүүрлэж, дэлхийн аваргаар медаль хүртэж чадаагүй С.Моллай аварга "нутагтаа" зохион байгуулагдсан их дуулга тэмцээнд түрүүлэн Азербайжаны хөгжөөн дэмжигчдэд бэлэг барилаа. Түүгээр зогсохгүй Азербайжаны жүдо бөхийн холбооны 50 жилийн ойд зориулан Бакугийн их дуулгын сүүлийн өдөр нутгийн найман настай жүдоч хүүтэй халз барилдлаа. Мэдээж энэ нь шоу үзүүлбэр байсан бөгөөд Азербайжан хүү олимп, дэлхийн медальтныг цэвэр яллаа.