Мэргэжлийн снукер биллиардын ээлжит чансааны оноо олгох "2022 Northern Ireland Open" тэмцээн зохион байгуулагдаж байна.
Долоо дахь удаагийн "2022 Northern Ireland Open" тэмцээнд уламжлал ёсоор шилдэг 64 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд тус тэмцээнд өмнө нь түрүүлж байсан бүх аваргууд оролцож байна. Анх 2016 онд зохион байгуулагдахад 128 тамирчин оролцож байсан ба өдгөө 48 настай Английн биллиардчин Марк Кинг түрүүлж байлаа. Түүний энэхүү түрүү нь карьерийнх нь цорын ганц чансааны оноо олгох тэмцээний түрүү байсан юм. Удаах жил нь буюу 2017 онд дэлхийн гурван удаагийн аварга Марк Виллиамс түрүүлж байлаа. Харин 2018, 2019, 2020 онуудад Жадд Трамп аварга түрүүлэхдээ финалын тоглолтуудад бүгдэд нь домогт Ронни О Сулливан аваргыг хожиж түрүүлсэн байдаг. Хамгийн сонирхолтой нь финалын бүх тоглолтууд 9-7 харьцаагаар Жадд Трамп хожсон юм.
Өнгөрсөн жил Ирландын шилдэг биллиардчин Марк Аллен "нутгийн дэвжээндээ" түрүүлэхдээ Жадд Трамп, Жон Хиггинс нарын дэлхийн аваргуудыг хожин түрүүлж байлаа.
Энэ сарын 16-ны өдөр эхэлсэн тус тэмцээн өнөөдрийн байдлаар хоёрдугаар тойргийн тоглолтуудаар үргэлжлэн явагдаж байна. Биллиард сонирхогчдодоо домогт Ронни О Сулливан урьдчилсан шатанд Германы Лукас Клекерсийг 4:0 харьцаагаар бут ниргэсэн тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна.