Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд дөрөв хоног үлдлээ.
Энэ сарын 17-23-ны өдрүүдэд Испани улсын зүүн эргийн Понтеведа хотноо бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ зохион байгуулагдана. Энэ удаагийн тэмцээний онцлог нь 2022 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий медальт 15 бөх зодоглохоор нэрээ бүртгүүлсний найм нь дэлхийн аварга тамирчин байна.
Япон улсын хувьд "Токио-2020" олимпын аварга бөгөөд дэлхийн гурван удаагийн аварга Юу Сусаки болон Акари Фужинами, Нонока Озаки, Мива Морикава зэрэг дэлхийн аваргуудаа сойж байгаа бол АНУ-ын хувьд энэ жил насанд хүрэгчдийн болон залуучуудын дэлхийн аварга болоод буй Амит Элороор ахлуулсан хүчирхэг багаа мөн илгээж байна.
Харин манай улсаас энэ удаагийн ДАШТ-д дараах бөхчүүд оролцоно.
Эмэгтэй чөлөөт бөхийн:
- -50кг жинд энэ оны 23 хүртэлх насны Ази тивийн аварга М.Мөнхгэрэл
- -55кг жинд 23 хүртэлх насны Ази тивийн аварга Б.Отгонтуяа
- -76кг жинд 23 хүртэлх насны Ази тивийн аваргын хүрэл медальт Б.Сарнай
Эрэгтэй чөлөөт бөхийн:
- -57кг жинд Б.Мөнх-Эрдэнэ
- -65кг жинд Н.Ганбаяр
- -70кг жинд Э.Төгсжаргал
- -74кг жинд М.Тэмүүжин