Шинэ форматаар бүтэн сарын турш зохион байгуулагдсан Фифа клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт явагдаж Челси клуб аваргаар тодорлоо.
Анх 2000 онд зохион байгуулагдаж эхэлсэн тус тэмцээн энэ жилээс эхлэн жил бүр бус дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагдахаар болсон юм. Түүгээр ч зогсохгүй 32 баг буюу Европын 12 баг, Азийн дөрөв, Өмнөд Америкийн зургаа, Африкийн дөрөв, Хойд, Төв Америк, Карибын тэнгисийн дөрөв, Далайн нэг, зохион байгуулагч орноос нэг баг тус тус хүч үзлээ.
Шигшээ тоглолтод Английн Челси болон Францийн Парис Сейнт Жермэйн багууд учраа таарлаа. Энэ тэмцээний хүрээнд хаалгандаа ганц гоол алдсан Парис Сейнт Жермейн шигшээ тоглолт хүртэл таарсан өрсөлдөгч бүрээ итгэл төгс буулган авсаар ирсэн билээ. Гэвч шигшээ тоглолтод Челси клуб тэднийг 3:0 харьцаагаар буулган авч клубүүдийн дэлхийн аваргын цомыг хоёр дахь удаагаа өргөлөө.
Нийт нэг тэрбум ам.долларын шагналыг оролцогч 32 багт хуваарилахаас гадна түрүүлсэн багт 125 сая ам.долларын шагнал хүртээхээр зарлаад байлаа.
Тэмцээний туршид нийт 63 тоглолт явагдаж 195 гоол орсон нь тоглолт бүрд дунджаар 3.1 гоол орсон нь харьцангуй өндөр үзүүлэлт байлаа. Мөн түүнчлэн өөрийн хаалгандаа есөн гоол оруулсан нь түүхэнд байгаагүй өндөр тоо болж байна.