Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн долоо хоногийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
82 орны 571 шилдэг жүдоч өрсөлдсөн энэ удаагийн ДАШТ-ий медалийн хүснэгтийг Япон улсын баг, тамирчид таван алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар итгэл төгс тэргүүлсэн бол Монгол улсын баг, тамирчид нэг алт (Ц.Цогтбаатар), нэг мөнгө (Э.Ариунболд), нэг хүрэл (Л.Энхрийлэн), нэг тавдугаар байр (Б.Хорлоодой) эзэлсэн амжилтаар дөрөвдүгээрт эрэмбэлэгдлээ.
Тэгвэл өнөөдөр жүдо бөхийн холимог багийн ДАШТ явагдана. Энэ удаагийн холимог багийн ДАШТ-д 17 орны баг өрсөлдөх ба манай улсын баг оноолт ёсоор D хэсэгт "Токио-2020" олимпын наадмын хүрэл медальт Германы багтай учраа таарсан байна. Хоёр багийн хувьд олимпын наадмын дагах барилдаанд учраа таарч Германы баг ялалт байгуулан улмаар хүрэл медаль хүртэж байлаа. Өнөөдөр манай залуус "даагаа нэхэх" сайхан боломж гарч байна.
Ташрамд сонирхуулахад Герман улсаас насанд хүрэгчдийн ДАШТ-д 17 тамирчин сойсноос нэг мөнгөн медаль хүртсэн нь эмэгтэйчүүдийн -48кг жинд Катарина Менз юм.
Ихэнх улсууд эрэгтэй 6, эмэгтэй 6 тамирчин бүхий бүтэн багаар оролцож байгаа ба манай улс олимпын хүрэл, дэлхийн аварга Ц.Цогтбаатар тэргүүтэй 12 тамирчнаа сойж байна.