Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хамгийн хөнгөн жин болох эрэгтэйчүүдийн -60кг, эмэгтэйчүүдийн -48кг жингүүдийн барилдаан явагдаж байна. Өнөөдөр манай улсаас дөрвөн бөх хүч үзэж дараах үр дүнг үзүүлээд байна.
Эрэгтэйчүүдийн -60кг жин:
- Улаанбаатар их дуулга тэмцээний хүрэл медальт Э.Сумъяабазар А хэсэгт Египт, Марроко улсын бөхчүүдийг ялж улмаар тус жинг тэргүүлж буй Олимпын мөнгөн медальт Тайванийн Ян Юун Вейд ялагдан тэмцээнээ дуусгалаа.
- С хэсэгт Парисын их дуулгын хүрэл медальт Э.Ариунболд эхний тойрогт гоц мөргөж улмаар Чехийн Д.Пулкрабек, Нидерландын Т.Цакадое нарыг цэвэр ялж хэсгийн аваргын төлөө Италийн А.Пантанотой хүч үзэхээр боллоо.
Эмэгтэйчүүдийн -48кг жин:
- Чиндао мастерсийн мөнгөн медальт Г.Наранцэцэг эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт АНУ-ын М.С.Лабордед ялагдан тэмцээнээ дуусгалаа.
- Энэ оны Анталя, Парис их дуулгуудын мөнгөн медальт Б.Баасанхүү А хэсэгт эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт АНУ-ын Г.Прадог ялж тун удахгүй Сербийн Н.Миликатай хүч үзнэ.