Румын улсын Мамаиа хотноо эхэлсэн 14, 16, 18 хүртэлх насны 2022 оны өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 10 тамирчин өрсөлдөж байна.
Хоёр жилийн турш (2020, 2021) цар тахлын тархалтын улмаас цахим орчинд зохион байгуулагдсан тус ДАШТ энэ жил уламжлал ёсоор танхимд зохион байгуулагдаж байна. Энэ сарын 5-ны өдөр албан ёсоор эхэлсэн 14, 16, 18 насны 2022 оны өсвөрийн шатарчдын ДАШТ-д Монгол улсаас "Элит брейн" академийн дасгалжуулагч, их мастер С.Билгүүнээр ахлуулсан дараах 10 өсвөрийн тамирчин оролцож байна.
1.Б.Ананд
2.Б.Тэнүүнболд
3. Б.Алдар
4. Э.Төгстөгөлдөр
5. Э.Хүслэн
6. М.Амилал
7. Д.Мөнхзул
8. С.Чингүүн
9. Б.Цогтбаяр
10. Б.Мөнгөнзул
Монгол улсын баг, тамирчид 14,16,18 насны ДАШТ-д 2001 оноос медаль хүртэж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар дөрвөн медаль хүртээд байгаа юм.
2001 онд Испанийн Оропеса Дель Мар хотноо зохиогдсон ДАШТ-ний 13-14 насны охидын ангилалд Б.Мөнгөнтуул мөнгөн медаль.
2005 онд Францын Белвфорт хотноо зохиогдсон ДАШТ-ний 17-18 насны охидын ангилалд Б.Мөнгөнтуул мөнгөн медаль.
2011онд Бразилийн Калдас Навас хотноо зохиогдсон ДАШТ-ний 17-18 насны охидын ангилалд А.Энхтуул хүрэл медаль.
2017 онд Уругвайн Монтевидео хотноо зохиогдсон ДАШТ-ний 13-14 насны хөвгүүдийн ангилалд Д.Батсүрэн алтан медаль тус тус хүртээд байна.