Норвеги улсын Осло хотноо зохион байгуулагдаж буй бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий гурван өдрийн дараах байдлаар монголын баг хоёр хүрэл медаль хүртээд байна.
ДАШТ-ий эхний өдөр чөлөөт бөхийн 61, 74, 86, 125 кг жингүүдийн барилдаанаар эхэлж манай улсаас 125 кг жинд барилдсан “Токио-2020” олимпын тавдугаар байрын шагналт, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын болон 23 хүртэлх насны Азийн дэд аварга, үндэсний шигшээ баг, “Даян” дэвжээ, “Жем Интернэшнл” компанийн тамирчин ОУХМ М.Лхагвагэрэл Монголын багийн анхны хүрэл медалийг авчирсан билээ. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн түүхэнд хамгийн хүнд жинд дэлхийн дэвжээнээс анхны медалийн эзэн болж байна. М.Лхагвагэрэлийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Харин өчигдөр буюу ДАШТ-ий гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 65 кг жинд өсвөр үе болон 23 хүртэлх насны Ази тивийн аварга үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хороо, “Бүтэн бүрмэл” компанийн тамирчин ОУХМ Т.Тулга Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг авчирлаа. Хоёр жилийн өмнө Нур-Султаны ДАШТ-д хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан алдаагаа засч дэлхийд данстай бөх боллоо.
Т.Тулга өчигдөр 1/8 шигшээд 23 хүртэлх насны дэлхийн аварга Японы Кайки Ямагүчиг 3:2 харьцаагаар ялсан юм.
Улмаар шөвгийн наймд 2020 оны Дэлхийн цомын аварга, Армений Вазген Теваняныг 2:1 харьцаагаар ялсан юм.
Харин хагас шигшээд энэ жилийн Европын аварга ОХУ-ын Загир Шахиевт 4:4-өөр тун харамсалтай ялагдсан.
Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Рохит Рохиттэй хүч үзэв. Манай бөх 6:4-өөр илүүрхэж яваад цаг дуусахаас 20 секундын өмнө мушгиж 4 оноо авч тэндээсээ өрсөлдөгчөө цэвэр дарснаар шагналын тавцанд зогсов.