"Токио-2020" олимпын цикл өндөрлөж "Парис-2024" олимпын наадмын циклийн эхний ДАШТ маргааш эхэлнэ.
Тодруулбал бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ Норвеги улсын Осло хотноо энэ сарын 2-ны өдрөөс 10-ны хооронд зохион байгуулагдана. Энэ удаагийн ДАШТ-д манай улс бүрэн бүрэлдэхүүнээр оролцож байгаа манай баг, тамирчдын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. Маргааш буюу тэмцээний эхний өдөр чөлөөт бөхийн 61, 74, 86, 125 кг жингүүдийн барилдаанаар эхлэх ба ДАШТ-ий дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж үзнэ үү.
Тейлор, Яздани, Акгул нарын олимпын аваргуудаас гадна дэлхийн гурван удаагийн аварга Гүржийн Гено Петриашиви, дэлхийн хошой аварга АНУ-ын Кайл Даке нар ДАШТ-ий хөшгийг нээн барилдах бол манай улсаас 61 кг жинд Т.Түвшинтулга, 74 кг жинд Э.Бямбадорж, 86кг жинд Г.Ганхуяг, 125 кг жинд М.Лхагвагэрэл нар барилдана.
Маргаашийн гол дуэл бол 86кг жинд болох ба дэлхийн чансааг өнгөлж буй олимпын аваргууд болох Тейлор, Яздани нарын дуэл байх нь дамжиггүй. Ердөө хоёр сарын өмнө тэд олимпын наадмын алтан медалийн төлөө хүч үзэж байсныг манай үзэгчид сайн санаж байгаа биз ээ. Мөн түүнчлэн 125кг жинд дэлхийн чансааны нэг болон хоёрт эрэмбэлэгдэж буй Петриашвили, Акгул нарын дуэл ч бөх сонирхогчдын анхаарлын төвд байгаа.