Японы мэргэжлийн сумо бөхийн хару башёгийн хоёр дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Осака хотноо үзэгчгүй танхимд үргэлжлэн явагдаж буй хару башёгийн хоёр дахь өдөр Какүрюү М.Ананд аварга Комүсүби Хокутофужид өвдөг шороодлоо. Хоёр бөхийн хувьд ес дэх удаагаа учраа тааран барилдсан нь энэ бөгөөд Хокутофужи сүүлийн хоёр башё дараалан аваргыг "хаяж байна". Харин их аварга Хакухо М.Даваажаргал ээлжит даваагаа маэгаширагийн 1-ээс барилдаж буй Дайейшог давж авлаа.
Харин энэ башёд цорын ганц Озеки цолтой барилдаж буй Такакейшо Окиноумид өвдөг шороодсон байна. Дээд зиндаанд барилдаж буй манай хоёр бөх болох Тамаваши Б.Мөнх-Оргил болон Кирибияма Б.Лхагвасүрэн нар хоорондоо анх удаа таарч Б.Лхагвасүрэнгийн ялалтаар өндөрлөлөө.