Канад улсын Ванкувер болон Викториа хотноо шайбтай хоккейн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах 43 дах удаагийн тэмцээн он дамнан явагдаж байна.
Дөнгөж сая хүрэл медалийн төлөө дэлхийн 4 удаагийн аварга, 9 удаагийн мөнгө, 8 удаагийн хүрэл медальт ОХУ-ын шигшээ баг дэлхийн аваргын хүрэл медальт Швейцарь улсын багтай тоглон 5:2 харьцаагаар хожин дэлхийн аваргаас 9 дэх удаагаа хүрэл медаль хүртлээ.
Тоглолт эхлээд 4 дэх минутанд Оросын 29 дугаартай Слепетс Кирил тоглолтын салхийг хагалж эхний гоолыг хийлээ. 13 дахь минутанд дахин Оросууд гоолдож нэгдүгээр үе 2:0 оноотойгоор өндөрлөв. Хоёрдугаар үеийн эхэнд Швейцарийн 18 дугаартай Нуссбаумер Валентин гоол оруулан тоглолтыг 2:1 болголоо. 32 дахь минутанд Оросын 24 дугаартай Костин Клим үнэхээр ганган гоол оруулж 3:1 боллоо. Швейцариуд гоол оруулахын төлөө бүх хүчээ дайчлан буй нь тэдний тоглолтоос шууд харагдахаар байлаа. Ээлж дараалсан аюултай довтолгоонуудыг хийсээр байсан юм. Энд Оросын хаалгачийн ур чадварыг магтах хэрэгтэй. Хоёрдугаар үеийн төгсгөлд Швейцариуд дахин нэг гоол хийж 3:2 болгож чадлаа. Энэхүү гоол магадгүй энэ дэлхийн аваргын хамгийн ганган гоолоор бүртгэгдэх биз. Та бүхэн тоглолтын бичлэг дээрээс үзээрэй.
Гуравдугаар үе эхлээд Швейцариуд ээлж дараалсан довтолгоонуудыг хийсээр Оросын хаалгач амжилттай хаасаар л байлаа. Энэ тоглолтын турш Швейцариуд хаалгаруу 36 удаа цохиж Оросууд харин 24 удаа цохьсон байна. Орос хөвгүүд тоглолтын 46 болон 57 дахь минутанд дахин гоолдсоноор хүрэл медалийн тоглолт 5:2 харьцаагаар Оросуудын ялалтаар өндөрлөв.
Оросууд 2011 оноос хойш дэлхийн аваргын цомыг өргөөгүй байгаа тул энэ жил тэдний зорилго хүрэл биш байсан нь мэдээж хэрэг.
Дэлхийн аваргын хүрэл медалийн төлөөх тоглолтын тойм бичлэг: