“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн ОХУ-ын Красноярск хотод энэ сарын 24-27 өдрүүдэд явагдаж дууслаа.
Манай сайт чөлөөт бөхийн “Красноярск-2019” Гранпри тэмцээнд медаль хүртсэн монгол тамирчдынхаа барилдааны бичлэгийг цувралаар хүргэж байгаа билээ.
Энэ удаа эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, “Алтай” констракшн, “Хүч” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаагийн барилдаануудыг түүвэрлэн хүргэж байна.
МУГТ О.Насанбурмаа шөвгийн наймд эзэн орны бөх Алена Стародубцеватай барилдан 10:6 онооны харьцаагаар яллаа.
Хагас шигшээд өнгөрсөн залуучуудын олимпийн наадмын 73кг жинд хүрэл медаль хүртсэн Японы Юка Кагамитай учраа тааран 4:1 харьцаагаар ялагдсан юм.
Хүрэл медалийн төлөө мөн өнгөрсөн залуучуудын олимпийн наадмын 73кг жингийн аварга Кубын Milaimys de la Caridad MARIN POTRILLE-г 5:4-р ялж хүрэл медаль хүртлээ.
Энэхүү хүрэл медаль нь түүний Красноярскийн дэвжээнээс хүртсэн зургаа дахь медаль боллоо. О.Насанбурмаа 2013 онд алт, 2015, 2017 онд мөнгө, 2011, 2018, 2019 онд хүрэл медаль хүртээд байна.