“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн өчигдөр ОХУ-ын Красноярск хотод энэ сарын 24-27 өдрүүдэд явагдаж байна. Тэмцээний хуваарийг энд дарж үзнэ үү.
Манай сайт чөлөөт бөхийн “Красноярск-2019” Гранпри тэмцээнд медаль хүртсэн монгол тамирчдынхаа барилдаануудыг бичлэгийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа эрэгтэйчүүдийн -57кг жинд барилдсан бөхчүүдийнхээ бүх барилдааны бичлэгийг түүвэрлэн хүргэж байна. Энэ жинд манай 3 бөх буюу Э.Бэхбаяр, Т.Түвшинтулга, Н.Насанбуян нар барилдсан юм.
Эхний тойрогт Дэлхийн аваргын хүрэл, Оюутны дэлхийн аварга, Азийн АШТ-ий хүрэл, өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл, 2018 оны Иван Ярыгины нэрэмжит “Алтан Гран при”-гийн хүрэл, Үндэсний шигшээ баг, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Т.Түвшинтулга АНУ-ын Зане Рэй Родестэй барилдан 8:7 харьцаагаар буулган авлаа.
ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга “Хангарьд” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Э.Бэхбаяр эхний барилдаанаа Казакстан улсын Абзал Океновтой барилдан 10:4 харьцаагаар илт илүүрхэн яллаа.
Шөвгийн 8-д манай хоёр тамирчин хоорондоо учраа тааран барилдсан ба МУГТ Э.Бэхбаяр ОУХМ Т.Түвшинтулга нар хорондоо учраа тааран Э.Бэхбаяр гавьяат 2:1 харьцаагаар ялж цааш барилдах эрхтэй боллоо.
Харин “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Н.Насанбуян ОХУ-ын Амирхан Гувазхоковтой барилдан 9:6 харьцаагаар сайхан ялж цааш хагас шигшээд барилдах эрхээ авлаа.
Хагас шигшээд Бэхээ гавьяатын хувьд ОХУ-ын Абазадзи Магомедовтой барилдан 5:5 харьцаагаар ялагдсан бол Н.Насанбуянгийн хувьд ОХУ-ын Муслим Садулаевт цэвэр ялагдсан хэдий ч дагах барилдаанд хүрэлийн төлөө барилдах эрхтэй болцгоосон юм.
Хүрэл медалийн төлөө МУГТ Э.Бэхбаяр АНУ-ын Томас Патрик Гилманд 14:8 харьцаагаар ялагдсан бол ОУХМ Н.Насанбуян БНХАУ-ын Ванхао Зоутой барилдан ялж хүрэл медалийн эзэн болсон юм.