“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн өчигдөр ОХУ-ын Красноярск хотод албан ёсоор эхэллээ. Өчигдөр эмэгтэй 50, 55, 59, 65, эрэгтэй 57, 61, 70 кг жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд явагдсан юм. Тэмцээний хуваарийг энд дарж үзнэ үү.
Энэхүү тэмцээнийг хэзээнээс "чөлөөт бөхийн бага дэлхийн аварга" хэмээн нэрийдэж эхэлсэн ба нэр хүнд, чансаа өндөртэй тэмцээн юм. Эхний өдөр манай бөхчүүдээс нэг тамирчин алт, найман тамирчин хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран шөвгийн наймд нутгийн тамирчин Э.Бямбадоржийг оноогоор цэвэр, хагас шигшээд Казахстаны Асхат Слямхановыг 9:4-өөр тус тус ялснаар шигшээд шалгарав. Мандахнаран гавьяат өнөөдөр алтан медалийн төлөөх барилдаанд дэлхийн хошой аварга эзэн орны Магомедрасул Газимагомедовтой хүч үзнэ. Харин эрэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга “Хангарьд” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Н.Насанбуян, 61 кг-д “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Г.Отгонбаатар, 70 кг-д Баянхонгор аймгийн тамирчин, спортын мастер Э.Бямбадорж, эмэгтэйчүүдийн 50 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин, спортын мастер Н.Анударь, 55 кг-д “Женко” клубийн тамирчин спортын мастер Б.Болортуяа, 59 кг-д “Хасу-Мегастарс” клубийн ОУХМ А.Батцэцэг, 65 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Болортунгалаг нар хүрэл медалийн төлөө барилдах юм. Тэмцээн хоёр өдрийн форматаар болж байгаа бөгөөд өчигдрийн жингүүдийн медалийн төлөөх барилдаан өнөөдөр явагдана.
МУГТ Г.Мандахнаран хагас шигшээд Казахстаны Асхат Слямхановыг 9:4 харьцаагаар ялсан барилдааны бичлэг