Мэргэжлийн снукер биллиардын 47 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт үргэлжлэн явагдаж байна.
Шигшээ тоглолтод тав дахь удаагаа дэлхийн аваргын титмийг хүртэх том зорилго бүхий Марк Селби аварга болон Бельги улсаас анхны дэлхийн аварга болохоор зорьж буй Лука Бресель нар өрсөлдөж байна. Тоглолт одоогийн байдлаар 9:8 харьцаагаар буюу Лука Бреселийн нэг хожлын илүүтэй явж байна. Шигшээ тоглолтод Марк Селби снукер биллиардын хамгийн өндөр оноо болох 147 оноог авч ДАШТ-ий түүхийн хуудсанд өөрийн нэрийг тодоор бичлээ. ДАШТ-ий түүхэнд ердөө найман тамирчин 147 оноог өөрийн нэр дээр бүртгүүлээд байсан бол энэ удаагийн ДАШТ-д Кайрен Уилсон ес дэх тамирчин болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл дэлхийн дөрвөн удаагийн аварга Марк Селби шигшээ тоглолтод 147 оноо авч үзэгч олныг баясгалаа.