Энэ өдрүүдэд мэргэжлийн снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн уламжлал ёсоор Англи улсын Шеффиелд хотноо зохион байгуулагдаж байна.
ДАШТ-ий салхийг хагалан дэлхийн долоон удаагийн аварга Ронни О Сулливан БНХАУ-ын залуу тамирчин Пангтай тоглолоо. Ронни аварга тоглолтын эхэнд санаачилгыг гартаа авч тав дараалсан ялалтыг байгуулсан ч Панг хялбар өрсөлдөгч биш гэдгээ мэдэгдэн Ронни аваргыг гурван өрөг дараалан ялсан. Эцсийн үр дүнд Ронни аварга 10:7 харьцаатай ялалт байгуулан хоёрдугаар тойрогт шалгарлаа.
Дээрх тоглолттой зэрэгцэн 2015 оны дэлхийн аварга Стюарт Бингхэм өөрийн "хожиж сурсан" Девид Гилберттэйгээ 13 дахь удагаа учраа таарч 10:4 харьцаагаар буулган авлаа. "Хожиж сурсан" хэмээн тодотгож хэлсний учир нь 2005 оноос хойш хоёр тамирчин 13 удаа учраа таарах болгонд Стюарт Бингхэм хожсон байдаг.
2010 оны дэлхийн аварга Нейл Робертсон энэ удаагийн дэлхийн аварга дээр тун өнгөтэй тоглож байна. Тэрээр нэгдүгээр тойрогт БНХАУ-ын залуу өрсөлдөгч Ву-г 10:3 харьцаагаар буулган авахдаа хоёр фрейм дараалан 146 оноо авсан нь түүхэн амжилтаар бүртгэгдэж байна. 1977 оноос хойш Шеффиелдэд зохион байгуулагдах болсон мэргэжлийн снукер биллиардын ДАШТ-ий түүхэнд 145, 146, 147 оноо авсан цорын ганц тоглогч Нейл Робертсон болж байна.
Өнөөдөр хуваарь ёсоор дараах сонирхолтой учраанууд биднийг хүлээж байна.
- Дин Жунхуй : Хоссейн Вафаей
- Марк Уиллиамс : Жимми Робертсон