Мэргэжлийн снукер биллиардын 49 дэх удаагийн Мастерс тэмцээн тун сонирхолтой өрнөж байна.
Урьд шөнийн оргил тоглолт бол мэдээж дэлхийн аваргуудын дуэл байлаа. Дэлхийн долоон удаагийн аварга Ронни О Сулливан, дэлхийн гурван удаагийн аварга Марк Уиллиамс нарын тоглолт үзэгчдийн анхаарлын төвд орлоо. Хоёр аваргын хувьд нас чацуутан бөгөөд энэ жил 47 настай домог болсон тамирчид. Урьд өмнө нь хоорондоо 49 удаа учраа таарахад 34 удаад нь Ронни аварга хожиж байлаа. Өчигдрийн тоглолтод эн тэнцүүхэн өрсөлдөж 6:5 харьцаагаар Марк Уиллиамс хожил байгуулж хагас шигшээд шалгарлаа.
Марк Уиллиамсын хувьд 1998, 2003 онуудад домогт Стифен Хенри аваргыг ялж мастерст түрүүлж байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Өнгөрсөн жил Мастерсийн хагас шигшээд шалгарахдаа мөн л мөнхийн өрсөлдөгч Жон Хиггинсийг 6:5 харьцаагаар хожин шалгарч байсныг снукер сонирхогчид маань санаж байгаа биз ээ.
Ялалтынхаа дараа М.Уиллиамс: "Өнөөдөр сайхан тоглолт үзүүлсэндээ баяртай байна. Ялангуяа Ронниг хожсондоо баяртай байна. Эхний гурван өрөг дараалан хожигдсоныхоо дараа түүнээс нэг хожил л авбал их гэж бодож байлаа. Гэхдээ түүний алдаанууд намайг хожилд хүргэлээ"