Жүдо бөхийн 2022 оны хамгийн сүүлийн тэмцээн болох Иерусалим Мастерс тэмцээн өнөөдөр эхэлнэ.
Энэ сарын 20-22-ны өдрүүдэд Израйл улсын Иерусалим хотноо 58 орны 367 жүдоч хуран цуглаж Парис-2024 олимпын наадмын томоохон эрхийн онооны төлөө хүч сорин өрсөлдөнө. Жүдо бөхийн Мастерс тэмцээний онцлог нь жин тус бүрийн дэлхийн чансааны 16-д багтаж буй тамирчид оролцох эрх олгодог байсан ч 2019 оноос чансааны 36-д багтаж буй тамирчид оролцох эрхийг олгодог болсон байна.
Мастерс тэмцээний түүхээс сонирхуулбал одоогоос 12 жилийн өмнө анх БНСУ-ын Сувон хотноо зохион байгуулагдаж эхэлсэн түүхтэй. Монгол бөхчүүдийн хувьд анхны мастерсийн тэмцээнээс эрэгтэйчүүдийн -66кг жинд С.Мияарагчаа алт, харин дараа жил нь Х.Цагаанбаатар алт, Б.Тэмүүлэн, М.Бундмаа нар хүрэл медаль хүртсэн байдаг. 2012 оны Алматыгийн мастерс тэмцээний медалийн тавцанд өмнөх жилүүдийн аварга С.Мияаргачаа (алт), Х.Цагаанбаатар (мөнгө) нар хамтдаа зогссон юм. Өнөөдрийг хүртэл манай бөхчүүд Мастерс тэмцээнээс 30 медаль хүртээд байгаа бол МУГТ Д.Сумъяа аварга мастерсийн дөрвөн алтан медаль хүртсэн байдаг.
Энэ удаагийн мастерс тэмцээнд манай улсаас нийт 14 жүдоч хүч сорин өрсөлдөх урьдчилсан мэдүүлгээ өгөөд байсан ч бэртэл, гэмтэл, зардлын асуудлаас үүдэлтэйгээр дараах таван тамирчин өрсөлдөхөөр боллоо.
Эрэгтэйчүүдийн -66кг жинд:
Мастерсийн алт, мөнгөн медальт Г.Хэрлэн В хэсгийг тэргүүлэн барилдах мастерсийн хошой мөнгө, хүрэл медальт Израйлийн Б.Шмайловтой учраа таарсан бол ДАШТ, Мастерсийн хүрэл медальт Ё.Басхүү С хэсгийг тэргүүлэн эхний тойрогт Бразилын хашир туршлагатай Э.Такабатакетэй учраа таарсан байна.
Эмэгтэйчүүдийн -48кг жинд:
Мастерсийн мөнгөн медальт Г.Наранцэцэг С хэсгийн эхний тойрогт Бразилын залуу бөх А.Лиматай учраа таарсан бол В хэсэгт Б.Баасанхүү эхний тойрогт АНУ-ын С.М.Лабордетэй учраа таарсан байна.
Эрэгтэйчүүдийн +100кг жинд:
Тэмцээний сүүлийн өдөр О.Цэцэнцэнгэл зодоглох ба эхний тойрогт гоц мөргөсөн байна.
Өнөөдөр хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 16:00 цагт эхэлнэ. Тэмцээний дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж үзнэ үү.