Шайбтай хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ширүүхэн өрсөлдөөн дунд явагдаж дууслаа.
Энэ удаагийн ДАШТ-ий гол дуулиан нь Украин улсад дайн эхлүүлсэн шалтгаанаар ОХУ болон Беларусийн багийг хасаж тэдний оронд Австри болон Францын багийг оруулсан явдал байлаа.
ДАШТ-ий хагас шигшээд дэлхийн 27 удаагийн аварга Канадын шигшээ баг дэлхийн 12 удаагийн аварга Чехийн багийг 6:1 харьцаагаар бут ниргэж финалд шалгарсан бол тэмцээнийг зохион байгуулагч, дэлхийн гурван удаагийн аварга Финландын баг дэлхийн хошой аварга АНУ-ын багийг 4:3 харьцаагаар буулган авч 13 дахь удаагаа ДАШТ-ий финалд үлдлээ.
2019 оноос хойш гурав дахь удаагаа финалд тулж буй Канад болон Финландын тоглолт ширүүхэн өрсөлдөөнтэй явагдаж Финландчууд нутаг дээрээ Канадыг нутаг дээрээ 4:3 харьцаагаар буулган авснаар дөрөв дэх удаагаа дэлхийн аварга болж байна.
Харин хүрэл медалийн төлөөх тоглолтод Чехийн шигшээ баг АНУ-ын хүчирхэг багийг 8:4 харьцаагаар бут ниргэн хүрэл медаль хүртлээ. Чехийн шигшээ баг 2012 оны ДАШТ-д хүрэл медаль хүртсэнээс хойш хэд хэдэн удаа медалийн төлөө өрсөлдөж байсан ч хараахан медаль хүртэж чадалгүй 10 жил өнгөрөөд байлаа.