"Токио-2020" олимпын наадам өнөөдөр 11 дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна.
Өнөөдөр манай чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид болох "Лондон-2012" олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө, хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, МУГТ С.Батцэцэцэг хүрэл медалийн төлөө "Жакарта-2018" Азийн наадмын хүрэл медальт Киргизстаны Мээрим Зуманазароватай барилдана. МУГТ С.Батцэцэгийн өрсөлдөгч Киргизстаны Мээрим Зуманазарова шөвгийн наймд тус жингийн финалд шалгараад буй Нигеригийн Б.Оборудудуд ялагдсан ч дагах барилдаанд Азербайжаны Элис Маноловаг ялсан тул хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болоод байгаа юм. Тэрээр энэ жил Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай Э.Дэлгэрмааг ялж аварга болсон тамирчин юм. МУГТ С.Батцэцэг энэ жил 31 настай бол Киргизстаны М.Зуманазарова 21 настай.
Жич: МУГТ С.Батцэцэгийн барилдаан Улаанбаатарын цагаар өнөөдөр 20:00 цагт эхэлнэ.
Харин эмэгтэйчүүдийн -62кг жинд Монгол улсыг төлөөлөн барилдсан ОУХМ Х.Болортуяагийн хувьд эхний учраа болох өсвөр үеийн дэлхийн хошой аварга Энэтхэгийн бөхийг ялсан ч шөвгийн наймд 2018 оны дэлхийн аварга бөгөөд ДАШТ-ий гурван мөнгө, хошой хүрэл медальт Болгарын Тайбе Юсейнд ялагдлаа. Хэрэв Болгарын бөх хагас шигшээд ялсан тохиолдолд Х.Болортуяад дагах барилдаан хийх эрх үүснэ.