"Токио-2020" олимпын наадам өнөөдөр 11 дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна.
10 өдрийн дараах байдлаар медалийн чанараар БНХАУ-ын баг, тамирчид 29 алт, 18 мөнгө, 16 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол АНУ-ын баг 22 алт, 27 мөнгө, 17 хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалж байна. Харин Монгол улсын баг тамирчдын хувьд жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81кг жинд С.Моллай аварга мөнгө, эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн -73кг жинд Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртэж 54-д эрэмбэлэгдэж байна.
Өнөөдөр манай чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид болох "Лондон-2012" олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө, нэжгээд хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, МУГТ С.Батцэцэцэг хүрэл медалийн төлөө, ОУХМ Х.Болортуяа эмэгтэйчүүдийн -62кг жинд хэсгийн барилдаануудаа хийж байна.
Дөнгөж сая ОУХМ Х.Болортуяа эхний учраа болох өсвөр үеийн дэлхийн хошой аварга Энэтхэгийн бөхийг ялж шөвгийн наймд үлдлээ. Тун удахгүй 1/4 шигшээд Болгарын Тайбе Юсейн, Бразилын Луис Нунес нарын ялсантай барилдана.
Харин МУГТ С.Батцэцэгийн хувьд Улаанбаатарын цагаар 20:00 цагт хүрэл медалийн төлөө "Жакарта-2018" Азийн наадмын хүрэл медальт Киргизстаны Мээрим Зуманазароватай барилдана.