Бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох "Маттео Пелликоне"-гийн нэрэмжит “А” зэрэглэлийн олон улсын тэмцээн өнгөрөгч долоо хоногт Итали улсын нийслэл Ром хотноо зохион байгуулагдлаа.
26 дахь удаагийн "Маттео Пелликоне"-гийн нэрэмжит тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзоригийн удирдлага дор эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой аварга, хөдөлмөрийн баатар, МУГТ С.Батцэцэг, эрэгтэйчүүдийн 65 кг-д 23 хүртэлх насны Азийн аварга, "Хүч" спорт хорооны тамирчин ОУХМ Т Тулга нар оролцсон юм. Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг эрүүл мэндийн шалтгаанаар барилдаж чадаагүй бол ОУХМ Төмөр-Очирын Тулга мөнгөн медаль хүртсэн юм.
Т.Тулга шөвгийн наймд өсвөр үеийн дэлхийн болон Европын аварга, Туркийн Хамза Алачаг оноогоор цэвэр (10:0) ялсан.
Улмаар хагас шигшээд Энэтхэгийн Рохитыг 4:0 харьцаагаар ялж шигшээд шалгарсан юм.
Алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл, Азийн наадмын алт, мөнгөн медальт, Азийн гурван удаагийн аварга Энэтхэгийн алдарт бөх Бажранг Пуньятай хүч үзэж 2:2-оор ялагдлаа. Манай бөх 2:0-ээр тэргүүлж яваад сүүлийн 30 секундэд ардаа 2 оноо алдаж тун харамсалтай ялагдаж мөнгөн медаль хүртлээ.