“Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Италийн Франк Чамизо, 2018, 2019 оны дэлхийн 79 кг жингийн аварга АНУ-ын Кайл Дейк нар халз барилдлаа.
Тэд энэ жилийн нэгдүгээр сард Италийн нийслэл Ромд болсон олимпийн чансааны оноо олгох Маттео Пелликонегийн нэрэмжит тэмцээнд анх удаа таарах байсан ч Чамизо "Европын аварга шалгаруулах тэмцээн"-д бэлтгэх гээд оролцоогүй. Харин Кайл Дейк Италид өрсөлдөгчдөө илт илүүрхсээр жиндээ тасархай түрүүлсэн билээ.
Кайл Дейкийн хувьд 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл 100 барилдаан хийж 83 ялж, 17 ялагдаад агуу бөх бол Чамизогийн хувьд 2015 онд Лас Вегасын ДАШТ-ий 65 кг жинд дэлхийн аврага болсон байдаг.
Чамизогийн энэхүү амжилт нь 35 жилийн дараа Итали бөх дэлхийн аварга болсон түүхэн амжилт байлаа. Мөн түүнчлэн 2016 оноос хойш Европын аварга шалгаруулах тэмцээнээс тасралтгүй таван медаль хүртсэний дөрөв нь алтан медаль байлаа.
Олны анхаарлыг татсан халз барилдаанд Токиогийн олимпийн наадмын 74 кг жинд барилдахаар шулуудсан Дейк өрсөлдөгчөө 4:3-аар илүүрхэв. Дейк ирэх жил дотооддоо Жордан Барроузыг ялах аваас тэд Токиогийн олимпд дахин таарах магадлал өндөр.