“Токио-2020” зуны олимпийн их наадмын бөхийн төрлүүдийн эрх олгох Ази, Европ, Африк тивийн тэмцээн коронавирусийн улмаас хойшлогдсон. Ганцхан Пан-Америк тивийн тэмцээн хуваарийн дагуу буюу энэ сарын 13-15-нд Канадын нийслэл Оттавагийн “Shaw Centre”-т зохион байгуулагдлаа.
Америк тивийн 18 орны 158 тамирчин олимпийн 36 эрхийн төлөө өрсөлдлөө. Чөлөөт бөхийн эх орон АНУ-ын бөхчүүд эрэгтэйчүүдийн 74, 97, эмэгтэйчүүдийн 68, 76 кг жинд өнгөрсөн жилийн Нур-Султаны дэлхийн аваргаас олимпийн наадмын эрхээ аваад байв. Тэгвэл тэд Канадын нийслэлд долоон жинд нэмж эрхээ авлаа. Ганцхан эрэгтэйчүүдийн 65 кг жинд Зейн Ретерфорд хагас шигшээд Аргентиний Августин Дестрибаст цэвэр ялагдснаар эрхээ авч чадаагүй. Эрэгтэйчүүдээс энэ тивийн шилдгүүдээс 23 хүртэлх насны дэлхийн аварга Кубын Рейнери Ортега дэлхийн дэд аварга Томас Гилманд, түүний нутаг нэгт Пан-Америкийн хошой аварга Юриески Торребланка 2018 оны дэлхийн аварга Дэвид Тэйлорт ялагдснаар эрхээ авч чадаагүй. Куба залуус зургадугаар сард Софид болох дэлхийн тэмцээнээс олимпийн эрхийн сүүлийн дайралтаа хийнэ.
Нэгэнт олимпийн эрхээ авсан бөхчүүд шигшээ барилдаанд дэвжээнд гарч ирээгүй юм. АНУ-ын бөхчүүд дөрөвдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд АНУ-ын олимпийн багийг сонгон шалгаруулах тэмцээнд гол анхаарлаа хандуулж буй нь мэдээж. Тус тэмцээний ялагчид АНУ-ыг төлөөлж олимпод зорих болохоор аргагүй. Гэхдээ сонгон шалгаруулах тэмцээн “Ковид-19” өвчний улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдож магадгүй. Эмэгтэй чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлэгч Канадууд хүнд хоёр жинд түрүүлж Токиог зорих болсон бол үлдсэн дөрвөн жинд эрхээ авч чадаагүй. Канадын бүсгүйчүүд хагас шигшээд бүгд Америкчуудад ялагдав. Тодруулбал 50 кг жинд 2012 оны дэлхийн аварга Жессика Макдональд Сара Хильдебрандад 0:10-аар, 53 кг-д Саманта Стюарт Жакарра Винчестерд 4:8-аар, өнгөрсөн жилийн дэлхийн аварга Линда Мораис олимп, дэлхийн аварга Хелен Марулист 2:12-оор, ДАШТ-ий хүрэл медальт Мишель Фаззари АНУ-ын Кайла Мираклад 3:12-оор тус тус дийлдсэн.
ОЛИМПИЙН НААДАМД ЭРХ АВСАН БӨХЧҮҮД
Эрэгтэй жинд:
57 кг: Томас Гилман (АНУ), Оскар Тигрерос (Колумби)
65 кг: Алехандро Вальдес (Куба), Августин Дестрибас (Аргентин)
74 кг: Франклин Гомес (Пуэрто-Рико), Геандри Гарзон (Куба)
86 кг: Дэвид Тейлор (АНУ), Поль Амбросио (Перу)
97 кг: Рейнерис Салас (Куба), Жордан Стин (Канад)
125 кг: Ник Гвяздовски (АНУ), Амар Дхеси (Канад)
Эмэгтэй жинд:
50 кг: Юснейлис Лопес (Куба), Сара Хильдебрандт (АНУ)
53 кг: Лианна Монтеро (Куба), Жакарра Винчестер (АНУ)
57 кг: Валенсия Эското (Мексик) Хелен Марулис (АНУ)
62 кг: Лаис Оливейра (Бразил), Кайла Миракл (АНУ)
68 кг: Даниэле Лаппаж (Канад), Юдари Родригес (Куба)
76 кг: 1. Эрика Виебе (Канад) 2. Алин Феррейра (Бразил)
(Мэдээллийн эх сурвалж: Монголын Чөлөөт бөхийн холбоо)