Дэлхий нийтийг хамраад буй Корона вирусийн халдварын улмаас улс орнуудад олон нийтийг хамарсан арга хэмжээ тэр дундаа спортын тэмцээн, уралдааныг цуцлах, хойшлуулах арга хэмжээг авсаар байна.
Монголын Таеквондогийн холбооны шигшээ багийн тамирчдын оролцох дараах хоёр тэмцээний хуваарь болон тэмцээн зохион байгуулагдах байршилд өөрчлөлт ороод байна.
Пара-таеквондогийн 6 дахь удаагийн, 24 дэх удаагийн насанд хүрэгчдийн ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-6-ны өдрүүдэд Ливан улсын Бейрут хотноо зохион байгуулахаар товлогдсон байсан ч Ливаны засгийн газар, олимпийн хорооны саналаар хойшлуулаад байсан юм. Тэгвэл тус тэмцээн шинэчилсэн хуваарийн дагуу тавдугаар сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар болсон юм.
Харин Токио-2020 олимпийн их наадмын эрхийн төлөөх таеквондогийн тэмцээнийг шинэчилсэн хуваарь, байршлын дагуу дөрөвдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Иордан улсын Амман хотод зохион байгуулахаар тогтоод байгаа юм. Эргэн сануулахад тус тэмцээн БНХАУ-д зохион байгуулагдах төлөвлөгөөтэй байсан юм.
Дээрх тэмцээнүүдээс гадна хэд хэдэн тэмцээн одоогийн байдлаар цуцлагдаад байна.
- Дөрөвдүгээр сарын 1-5-ны хооронд Хорват улсад зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байсан Европын клубуудын аварга шалгаруулах паратаеквондо, таеквондогийн тэмцээн тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.
- Тавдугаар сарын 7-10-ны хооронд Хорват улсад зохион байгуулагдах байсан Европын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн хойшлогдлоо.
Jkj