Монголын таеквондогийн холбоо БНСУ-ын Дэгү хотын таеквондогийн холбоотой хамтран ажиллахаар боллоо.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Монголын Таеквондогийн холбооны төлөөлөгчид БНСУ-ын Дэгү хотын таеквондогийн холбооны урилгаар Дэгү хотноо зочилж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо. Уг арга хэмжээнд манай талаас "Монголын Таеквондогийн холбоо"ГҮТББ-ын гүйцэтгэх захирал Н.Эрдэнэбаатар, холбооны удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад харилцаа эрхэлсэн дарга А.Түмэнжаргал нар оролцсон байна.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хоёр холбооны тамирчид харилцан туршлага солилцон хамтарсан бэлтгэлийг Монголд болон БНСУ-д тогтмол хийх, тус тусын тэмцээнүүдэд урилгаар оролцох зэргээр нягт хамтран ажиллахаар боллоо.
БНСУ-ын Дэгү хотын таеквондогийн холбоонд албан ёсны 600 клубт 40000 гаруй тамирчид таеквондогийн спортоор хичээллэдэг бөгөөд олон тамирчид нь тив, дэлхий, олимпийн их наадамд БНСУ-ыг төлөөлөн оролцдог байна. Мөн түүнчлэн тус холбооны өсвөрийн болон насанд хүрэгчдийн үзүүлэх тоглолтын шигшээ баг нь олон улсын томоохон арга хэмжээнд дэлхийн таеквондогийн холбоог төлөөлөн оролцдог чадвар, туршлага өндөртэй. Энэ дашрамд дурдахад тус үзүүлэх тоглолтын баг энэ жил Монгол улсад зохион байгуулагдах хэд хэдэн тэмцээнд ирж оролцох болсныг дуулгахад таатай байна.