Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн улс төрийн ахлах зөвлөхийн албан тушаалаа хүлээлгэн өгөөд өөрийн нам доторх МАНАН бүлэглэлийн гар хөл болсон хүмүүстэй тэмцэнэ гэдгээ мэдэгдэж байсан. Тэрбээр "Шударга бус зүйл манай Ардчилсан намд үүрлэсэн. Ц.Элбэгдорж, М.Энхболдын гар хөл болсон хамсаатнууд АН-ын удирдлагад гараад ирсэн. Бид 30 жилийн турш юуны төлөө явсан юм. Одоо сүүлдээ Эрдэнэтийн 49 хувийг хамт идсэн хэрэгт орлоо. Тэр дундаа С.Эрдэнэ чинь УИХ дээр шившгийн юмнууд хийлээ" гэж Төрийн ордонд мэдэгдэж байсан.
Үүний хариуд АН-ын дарга С.Эрдэнэ "Манай намаас албан ёсны бүртгэлтэй хүн гараагүй. Албан ёсны бүртгэлтэй хоёр хүн намаас гарсан. Нэг нь намаас арга хэмжээ авахуулж хасагдсан, нөгөө нь арга хэмжээ авахуулсандаа шаралхаад өөрөө гарах хүсэлтээ өгсөн. Намаас гарч байна гэж зарлаад байгаа хүмүүс бол намын нэр хүндийг унагаах гэж зохион байгуулалттайгаар ийм ажлыг хийж байгаа хүмүүс" гэж хэлж байсан.
Үүний дараагаар Ардчилсан намын гишүүд намаасаа гарч байна гэсэн хоёргурван ч хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ улстөрийн тухай "Н.Алтанхуяг нар АН-ын даргаар Я.Санжмятавыг зүтгүүлж байна. Я.Санжмятав болно гэдэг Н.Алтанхуяг болсонтой ялгаагүй" хэмээн хэвлэлүүд бичиж байсан юм.
С.Эрдэнийн эсрэг улайм цайм ажиллаж байгаа Н.Алтанхуяг нарыг хашраах аргыг АН-ын дарга С.Эрдэнэ бодож олсон, иймд СХД-ийн АН-ын даргын шийдвэрээр түүнийг АН-ын гишүүнчлэлээс хассан гэсэн мэдээлэл тархаад байна. Н.Алтанхуягтай холбоотой СТӨ-н дэх намын байрыг зарсан, Төв шуудангийн өмнөх Нийслэлийн АН-ын байрыг зарсан гэх асуудлыг намын дарга С.Эрдэнэ олонтаа ярьдаг. Энэ бүхэн нь түүнийг намаас хөөх хангалттай шалтгаан болж чадна гэж үзсэн бололтой.
Үйл явдлыг эргэн мэдээлэх болно.