СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-16

🔴 Б.Батцэцэг: Инчеоны онгоцны буудалд тогтмол ажиллах консулын ажилтан томилсон

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
4 цагийн өмнө

БНСУ-ын хил дээрээс шалтгаангүй буцсан иргэдийн төлөөлөл өчигдөр /2025.05.14/ мэдээлэл хийж, ГХЯ, ХЭҮК болон Монгол улсад суугаа БНСУ-ын ЭСЯ-нд хандан зургаан төрлийн гомдлоо шаардлагаар хүргүүлсэн билээ.

Тэднийг өчигдөр Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяа хүлээн авч уулзаж холбогдох байгууллагуудад албан ёсоор хандахаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн, УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболдоос манай сурвалжлагч байр суурийг нь тодруулахад "Та энэ асуудлаа Гадаад харилцааны яам болон салбарын сайд Б.Батцэцэг сайдаас асуу. Нарийн тоо, хичнээн иргэн, ямар давтамжтайгаар, ямар шалтгаанаар буцаагдаад байгаа юм бэ? Солонгосын талаас ГХЯ-ны шугмаар нот авах ёстой" хэмээсэн юм.

Үүсээд буй асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодруулга авлаа.

-Ямар ч улсын хил дээр очсон иргэн заавал хил нэвтэрнэ гэсэн үг биш. Очоод хаана байрлах, ямар зорилгоор аялж яваагаа хэлэх ёстой, буцах хугацаа тодорхой байх ёстой. Нөгөө талаас БНСУ-д 450 мянган гадны иргэн хууль бусаар оршин сууж байгаа тул тэдгээр иргэдийг цөөлөх компанит ажил сүүлийн 2-3 жил эрчимтэй явагдаж байна. Ганц монголын иргэд буцаж байгаа хэрэг биш. Монгол иргэдийн асуудлыг олон түвшинд ярьж хэлж байгаа учраас харин ч нааштай хандаж, шийдвэр гаргаж байгааг яг үнэнийг хэлэхэд мэдэрдэг. Бусад улстай харьцуулахад шүү дээ.

Иргэдийн эрх зөрчигдсөн асуудал сүүлийн үед онцлон яригдаж байна. Бид энэ асуудлыг гомдол гаргасан хүн бүрээр, шат шатанд нь ярьдаг, ярьсаар ч ирсэн. Тасралтгүй ажиллаж байгаа. Хамгийн сүүлд УИХ-ын даргын урилгаар БНСУ-ын парламентын дарга манай улсад айлчлахад нэлээн олон гишүүн нь дагалдан ирсэн. Энэ хүмүүст бид өндөр түвшинд дэлгэрэнгүй танилцуулж ярьсан. Монголд зориулсан нөхцөл бодож олох ёстой юм байна, харилцааныхаа түвшинг бодсон ч тэр, Монгол-Солонгос иргэдийн зорчих хөдөлгөөн гэх мэтээ цаашид анхааръя гэсэн. Өөрөөр хэлбэл, улс төрийн өндөр түвшинд яригдаж байгаа тул удахгүй нааштай шийдлүүд гарах байх. 

Манай улс зөвхөн хил дээр буцаагдсан иргэдийн талаар бус визийн хөнгөлөлт гэх мэт олон зүйлийг хэлж ярьдаг. Маш олон иргэд очиж эмчлүүлж байна. Тогтмол ирж очиж буй бизнес эрхлэгчдийг визгүй болгооч, манай улсыг онцгой тохиолдол болгож өгөөч гэх хүсэлтүүдийг тавьдаг.

Хил дээр эрх нь зөрчигдсөн гэх гурван иргэний гомдол он гарсаар манай яаманд ирсэн. Нягтлаад үзэхээр тэр гурван иргэний өөрсдийнх нь бичлэг, хандлагын талаар баримттай хариулт өгсөн. Иргэн болохоор өмнө нь яаж байсан эсэх, хилийн зөрчил гаргасан эсэх тухайгаа ярихгүй зөвхөн өөрийнхөө тухайн үеийн үйлдлээ яриад байдаг. Тэгэхээр нөгөө айл чинь зөрөөд, улам нь баримтууд гаргаж ирээд байдаг. Ул суурьтай, хоёр талтай авч үзэхгүй бол улс хоорондын асуудал болгоод байж болохгүй байна.

Хамгийн сүүлд авсан арга хэмжээ бол бусад оронд байх орон тооноос хасаж БНСУ-д суух ЭСЯ-ны консулын орон тоог нэмэгдүүлсэн. Тодруулбал, консулын нэг ажилтныг Инчеоны онгоц тосоход зориулж томилсон. Иргэдэд тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тэр хүн тусгайлан ажиллана.

Виз зуучлалын 14 төвийг БНСУ-ын ЭСЯ өөрсдөө сонгон шалгаруулсан. Тэдгээр төвүүдэд бас сануулж, иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх талаар чиглэл өгсөн. Тийз бичиж байгаа компаниудад ч гэсэн заавар зөвлөгөө өгөх чиглэлээр сануулсан. 

Эцэст нь хэлэхэд, бид өөрсдийн алдааг харахгүйгээр хүнийг шүүмжлэх бус, ганц хоёр иргэдийн гомдлоор хоёр улсын хоорондын харилцааны асуудлыг хамаатуулж болохгүй шүү гэдгийг нийт иргэддээ хандан хэлье гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 цагийн өмнө
116.206.83.106

Хил нэвтэрч чадаагүй иргэдийн ирэж очих зардлыг визны мөнгөтэй нь буцаан авдаг болмоор бна.

Зочин
3 минутын өмнө
116.206.83.106

Манайхан очоод харалчихдаг. Ажил хийж болохгүй визтэы мөртлөө ажил хийдэг. Энэ бүх юмнаас болоод л солонгос чангалж байгаа. Өөрийн гэсэн хуультай орон. Бүх зүйлийг л бусдаас хайдаг нь буруу.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.