Бразил улсын Рио Де Жаниеро хотод 24 дэх удаагийн Армийн Дэлхийн аварга шалгаруулах Таеквондогийн тэмцээн амжилттай явагдаж дууслаа.
Таеквондогийн төрөлд Монгол улсаас Алдар спорт хороо, Монголын Таеквондогийн Үндэсний шигшээ багийн 5 тамирчин дасгалжуулагч багш Н.Эрдэнэбаатарын удирдлага дор оролцсон юм. Тэмцээний салхийг хагалж -58кг жинд М.Түмэнбаяр урамтай сайхан тоглолтуудыг хийж хүрэл медалийн болзол хангаж монголын таеквондогийн түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээсэн билээ.
Тэмцээний сүүлийн өдөр Рио-2016 олимпийн их наадамд таеквондогийн төрлөөр анх удаа эх орноо төлөөлөлн оролцсон П.Тэмүүжин энэ удаагийн Армийн ДАШТ-д 74кг жинд тулалдсан юм. Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин ОУХМ П.Тэмүүжин эхний тойрогт Доминикан улсын тамирчинг 26:10 онооны харьцаагаар илт илүүрхэн буулган авсан. Хоёрдугаар тойрогт Саудын Арабын тамирчинг 19:8 онооны харьцаагаар хожсон. Ийнхүү хагас шигшээд ОХУ-ын шилдэг тулаанч Кривейченко Никитатай тулалдан 36:15 онооны харьцаагаар хожигдон дагах тулаанд хүрэл медалийн төлөө Канад улсын Хассан Халидтай тулалдан 32:19 онооны харьцаагаар хожин хүрэл медаль хүртлээ.
Ийнхүү Монгол улсын 5 тамирчин эх орноо төлөөлөн Армийн ДАШТ-д оролцон 2 хүрэл, 1 шагналт тавдугаар байранд орсон амжилтаар тэмцээнийг өндөрлүүллээ.
Монголын таеквондогийн үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчдадаа www.livetv.mn сайтын хамт олноос баяр хүргэхийн сацуу эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсгаж явахыг хүсэн ерөөж байна.
ОУХМ П.Тэмүүжингийн хүрэл медалийн төлөөх гайхалтай тулааны хэсгүүдээс.