Монголын үндэсний олимпын хорооны VIII чуулган өнөөдөр болж байна. Тус чуулганаар МҮОХ-г удирдах бүрэлдэхүүнийг буюу ерөнхийлөгч, дэд болон тэргүүн дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгох юм.
МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд Монгол улсын тав дахь ерөнхийлөгч асан Х.Баттулга, МҮОХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар нэр дэвшсэн. Чуулганд оролцож байгаа төлөөлөгчдийн байр суурийг мэдээлсэн билээ.
МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн сонгууль явагдаж өндөрлөсөн байна.
Энэхүү албан тушаалд МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, МҮОХ-ны зөвлөх Ж.Отгонцагаан, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, жюү-жицугийн холбооны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ, каноэгийн холбооны ерөнхийлөгч О.Одбаяр, триатлоны холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй, 3х3 сагсан бөмбөгийн холбооны хөгжил хариуцсан захирал С.Тулга, таеквондогийн холбооны хүндэт ерөнхийлөгч Д.Энхбат, үндэсний олимпын академийн ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар нар нэр дэвшсэн юм. Гэхдээ Ч.Зоригтбаатар нэрээ буцаан татсанаар уг сонгууль найман хүний дунд өрнөв.
Санал хураалтад 159 хүн оролцож, Ч.Наранбаатар 80 хүний саналаар тэргүүлэн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Түүнчлэн О.Одбаяр 75 саналаар удаалж, дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Үргэлжлүүлэн МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн сонгууль явагдаж байгаа юм. Сануулахад, Б.Баттүшиг 92 хувийн саналаар ялалт байгуулж, МҮОХ-ны 14 дэх ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.