Монголын үндэсний олимпын хорооны VIII чуулган өнөөдөр болж байна. Тус чуулганаар МҮОХ-г удирдах бүрэлдэхүүнийг буюу ерөнхийлөгч, дэд болон тэргүүн дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгох юм.
МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд Монгол улсын тав дахь ерөнхийлөгч асан Х.Баттулга, МҮОХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар нэр дэвшсэн. Чуулганд оролцож байгаа төлөөлөгчдийн байр суурийг мэдээлсэн билээ.
Дөнгөж сая МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж өндөрлөлөө. Ерөнхийлөгчид гурван хүн нэрээ дэвшүүлсэн ч Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга нэрээ татаж буйгаа албан бичгээр мэдэгдсэн.
Ингэснээр МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөв.
Санал хураалтад 180 төлөөлөгч оролцох ёстойгоос 165 нь саналаа өгч, ирц 91.6 хувьтай байв. Дүн гарахад 151 хүн Б.Баттүшигт, 12 хүн Э.Мөнх-Очирт санал өгч, хоёр санал хүчингүй болсон байна.
Ингэснээр Б.Баттүшиг 92 хувийн саналаар ялалт байгуулж, МҮОХ-ны 14 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Одоо Тэргүүн дэд болон Дэд ерөнхийлөгчийн санал хураалт үргэлжлэн явагдана. Тус хоёр албан тушаалд есөн хүн өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.