Монголын үндэсний олимпын хорооны VIII чуулган өнөөдөр /2022.03.28/ болж байна. Тус чуулганаар МҮОХ-г удирдах бүрэлдэхүүнийг буюу ерөнхийлөгч, дэд болон тэргүүн дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгох юм. МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд МУ-ын тав дахь ерөнхийлөгч асан Х.Баттулга, МҮОХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар нэр дэвшжээ. Чуулганд оролцож байгаа төлөөлөгчдийн байр суурийг хүргэж байна.
МҮОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигч Э.Мөнх-Очир:
-Бид 2016 оноос эхэлж маргалдсан. Ер нь бол олон улсын актаа өнөөдрийн хүртэл зөрчөөд байна. Үндэсний олимпын хорооны бүтцэд бүрэлдэхүүн гээд 1-ийн 2-д олимпын наадмын хөтөлбөрт ордог ОУ-ын спортын холбоодын гишүүн бүх спортын холбоод эсвэл тэдгээрийн төлөөлөл гэж заасан байгаа. 2012 онд бид хурал хийж байхдаа олимпын наадмын хөтөлбөрт багтдаг спортын төрлийн олон улсын спортын холбоодын гишүүн үндэсний спортын холбоод гишүүн байна гэж заасан. Энэ олон улсын олимпын хороо, олимпын төрлийн холбоод ямар ч хуралд давамгайлж орж байх ёстой гэсэн үг.
2016 онд гурван төлөөлөгчтэй байна гэж заасан гэтэл одоо мандатын комисс нь Монголын үндэсний олимпын хорооны VIII чуулганд оролцож байгаа 181 хүн ҮОХ-ны гишүүнээр тооцогдож, гишүүний эрх дараагийн чуулган хүртэл хадгалагдана гэж бичсэн байна. Энэ нь 181 хүн хувь хүн гишүүн болоод байна. 5-1 дэх заалт, дүрмээ зөрчиж байна гэж үзэж байна. Ингэхээр олимпын 35 холбооноос 76 хүн нь эсрэг гарч ирээд байна. Тэгэхээр санал хураалтын дүн ямар байх нь ойлгомжтой. Олимпын төрлийн холбоод ямар ч байдалд олонх байна гэсэн заалтыг зөрчөөд байна.
Өнгөрсөн жил бид яг энэ асуудлыг гаргаж ирсэн ч УЗ-д байсан бүх хүмүүс бүгд л бид олимпд оролцох гэхээр цагаан тугтай болчих гээд байна тийм учир энэ асуудлаа хойшлуулаад есдүгээр сард хэлэлцье гэж байсан ч хуралдалгүй таван хурлаар хэлэлцэлгүй өнгөрөөсөн. Дүрмийн өөрчлөлтийг оруулъя гээд ажлын хэсэг гарсан ч яг хуралдаа оруулж батлуулахгүй байна. Энэ байдлаар явбал монгол улс олимпд цагаан хуудсаар оролцоно. Би энэ асуудлыг хэлээд долоон жил болж байна. МҮОХ-ны санхүү, үйл ажиллагаа бүх зүйл нь зөрчилтэй байгаа. Үндэсний олимпын хороо гэдэг нь бид юм. Холбоод, тамирчид, дасгалжуулагчид болохоос тэнд байгаа хэдэн дарга нар биш. Миний ерөнхийлөгчид дэвшсэн гол зорилго нь энэ олон холбоодын үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх, олон мянган хүүхдүүдийн боломжийг хааж хавчдаг хэдхэн хүн мөнгийг нь өөрсдөө зохицуулаад л яваад байж болохгүй.
МҮОХ-ны чуулганы төлөөлөгч О.Одбаяр:
-Монголын үндэсний олимпын хорооны VIII чуулган эхэлж байна. Хурлаар МҮОХ-ны өнгөрсөн сонгуульт хугацааны тайлан, Хянан шалгах зөвлөлийн тайланг хэлэлцэж, МҮОХ-г ирэх олимпын мөчлөгт удирдах удирдлагын багийг сонгох юм. Тодруулбал, Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгоно. Нэр дэвшигч Э.Мөнх-Очирын тавиад байгаа асуудал нь МҮОХ-ны дүрмийн тодорхой заалтуудыг өөрчилье гэсэн санал гаргаж тавьсан. Эхлээд МҮОХ-ны гишүүд мандатын комисс танилцуулснаар бүрэн эрх нь хэрэгжиж эхэлнэ. Бүрэн эрх нь хэрэгжиж эхэлснээр дараа нь дүрмийн асуудал яригдах боломжтой гэж үзэж байна. Олимпын хорооны дүрмэнд хяналтын зөвлөлийн тайланд аудитын дүгнэлтээ танилцуулна гэж заасан байдаг. Цаашдаа дэлхийн бусад холбоод, болон байгууллага хувь хүмүүсээс МҮОХ-нд өгч байгаа хандив, санхүүжилтийг ил тод байх ёстой гэсэн байр суурьтай байдаг.
Монголын Үндэсний Олимпын активийн ерөнхийлөгч З.Чойжгаваа:
-МҮОХ бол монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хамгийн том ТББ. МҮОХ нь ОУ-ын олимпын хороогоор хүлээн зөвшөөрөгдсөн ТББ байгууллага болохоос гишүүн байгууллага биш юм. ОУ-ын олимпын хороо нь 125 хүртэлх хувь хүнтэй , чуулганаараа олимпын наадмын тов, наадам зохион байгуулах хотуудыг баталдаг байгууллага юм. Гүйцэтгэх зөвлөлд нэрээ дэвшүүлсэн нь олимпизмийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд оролцох чин хүсэл эрмэлзэл байна. МҮОХ-ны зөрчилдөөн нь олон ургалч үзлийн илэрхийлэл гэж хардаг цаашдаа учир зүйгээ олоод явна гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.