“Улаанбаатарыг Үбэржүүлье” хэмээн www.LiveTV.mn сайт асуудал хөндсөн нийтлэл цувралаар явуулж байгаа. Бид өмнө нь Улаанбаатарыг Үбэржүүлье! хэмээн уриалж байсан бол Улаанбаатарыг Үбэржүүлье: BEECO-гийн залуусын туршиц болон Улаанбаатарыг Үбэржүүлье: UBcab-гийн залуусын туршиц /Цуврал-3/ мөн Улаанбаатарыг Үбэржүүлье-4: Зогссон машин болгон такси биш, нийслэл хотод такси үйлчилгээ хэр хүртээмжтэй байгаа талаар шууд нэвтрүүлэг, Улаанбаатарыг Үбэржүүлье-6: ABA-гийн залуусын туршиц бэлтгэн хүргэсэн билээ. Бид нэг бол дэлхийд туршигдаж, амжилттай хэрэгжиж байгаа технологийг шууд оруулж ирье, нөгөө бол монгол эрдэмтдийн зохиосон өөрсдийн такси апп-ийг хэрэгжүүлье хэмээн уриалж байгаа.
Энэ удаагийн нийтлэлээр апп хөгжүүлэгч залуусын тулгамдаж байгаа асуудалд төр захиргааны байгууллага ямар байр суурьтай байгаа. Такси үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгоход юу саад болж байгаа талаар хөндөн бичлээ.
Сая гаруй хүн амтай Улаанбаатар хотод 4500-5000 орчим такси зайлшгүй байх шаардлагатай. Гэтэл өдгөө 10 компанийн 600 орчим такси албан ёсны зөвшөөрөлтэйгөөр иргэдэд үйлчилж байна. Такси компаниудаас нийслэлийн Нийтийн тээврийн газарт долоо хоног бүрт өгдөг тоо баримтад өдөрт дунджаар 3000 хүнд үйлчилдэг гэсэн байна. Нийтийн тээврийн газар такси үйлчилгээний стандарт шаардлага хангасан бүртгэлтэй таксинуудад зориулалтын 24 зогсоолоос үйлчлүүлэгч авах эсвэл утасны дуудлагаар үйлчлэх гэсэн хоёрхон үйлчилгээ үзүүлэхийг шаарддаг гэнэ. Монгол хүний сэтгэлгээнд суугаагүй, Улаанбаатар хотын нөхцөлд тохирохгүй энэ “агаар”-ын мэт гэмээр стандарт шаардлагаас болж такси үйлчилгээ хууль бус хэлбэрт шилжээд буй.
Үүнийг хэзээ залруулах нь ч тодорхой бус байна. Стандартын шаардлага хангасан гэдэгт зөв талдаа жолооны хүрдтэй байхаас эхлээд Стандарт, хэмжил зүйн газраар баталгаажсан тоолууртай байх гээд хэд хэдэн шаардлага бий. Нийтийн тээврийн газраас такси үйлчилгээ эрхлэгчдэд стандартыг хэрэгжүүлэх шаардлага тавих үүрэгтэй болохоос ингэх тэгэх ёстой хэмээн ямар нэгэн дарамт шахалт үзүүлдэггүй хэмээн тус газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэболд дурдсан юм. Тус газраас такси эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд оргил ачааллын үед дуудлага түлхүү авч хүртээмжтэй ажиллах хүсэлт тавьсан. Хүсэлтийн дагуу жолооч нарт ачааллын үед дөрвөн дуудлага авах ёстой гэсэн журам гаргасан гэсэн хэмээн тэрбээр учирласан юм. Гэвч стандартын шаардлага хангахгүй байгаа “халтуурчид” нийтийн тээврийн үйлчилгээг нуруун дээрээ үүрч явна. Хувийн таксиг хааж, хорих биш, нэгдсэн зохион байгуулалтад оруулах нь зүй ёсны шаардлага юм.
төрийн байгууллагууд стандартаа өөрчлөх юм бол “халтуурчид” такси үйлчилгээний нэг хэлбэр болох апп-наар дамжуулан иргэдэд үйлчлэх боломж нээгдэх юм
Ингэхдээ айхтар шинэ юм сэтгэх гээд толгой гашилгах шаардлагагүй л дээ. Гаднын бэлэн туршлага байна. Uber компани гэхэд 1990-ээд оны АНУ-д тулгамдаад байсан таксины хомсдлыг ухаалаг зохион байгуулалтаар шийдэж дөнгөсөн. Тухайлбал, таксинд явах хүсэлтэй жолооч нарыг нэгдсэн системд бүртгэж, тэднийг дуудлаганд явуулах болсноор нэгдсэн улсын такси үйлчилгээ хурдан, найдвартай, хүртээмжтэй болсон юм. Гаднын улсууд иргэддээ хувийн машинаараа такси үйлчилгээ эрхлэх боломж олгодог.
Тэгвэл манай улсын хувьд хууль бусаар такси үйлчилгээ эрхлэгчдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах үүднээс хэд хэдэн компаниуд такси дуудлагын апп хөгжүүлэн иргэдэд үйлчилгээгээ явуулж байна. UBcab-ын залуус дээрх стандартад нийцсэн үйлчилгээг такси компаниудад санал болгоод буй.
Мөн BEECO, ABA апп зүгээс заавал зөв талтай жолооны хүрдтэй биш, такси метртэй байх ч албагүй. Харин ухаалаг утсаараа дамжуулан такси үйлчилгээний жолооч болох боломжтой гэж үзэж байгаа юм. АНУ-ын UBER апп жолооч нарын хувьд бичиг баримтаа бүртгүүлээд урьд нь зам тээврийн ноцтой хэрэгт холбогдож байгаагүй бол такси үйлчилгээнд явах эрхтэй. Хамгийн гол нь манайх шиг такси метр гэхгүй GPS буюу апп-наараа дамжуулан явсан км болон төлбөр тооцоогоо шийддэг.
Гэтэл манай улсын ихэнх тээврийн хэрэгсэл буруу талдаа жолооны хүрдтэй байдаг нь нийтийн тээврийн стандартыг зөрчиж байгаа учраас “халтуурчид” албан ёсоор такси үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй. Нийтийн тээврийн газраас зөвхөн зөв талдаа жолооны хүрдтэй автомашиныг такси үйлчилгээнд бүртгэж авах боломжтой хэмээв. Гэвч хуульд хууль бус такси үйлчилгээ үзүүлэхийг хориглох, цаашлаад хүлээлгэх хариуцлагыг тодорхой тусгасан ч таслан зогсоох хориглох боломжгүй хэмээн албаныхан үзэж байгаа юм.
Апп хөгжүүлэгч залуустай уулзаж ярилцаж байхад төлбөрийн системийн хувьд олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг нэвтрүүлэх хэрэгтэй талаар хэлж байсан юм. Такси компаниуд тоолууртай ч гэсэн бодит гардагт тэр бүр итгэлтэй байж чаддаггүй. Тэгвэл Монгол банкны зүгээс төлбөрийн системийн шинэчлэл төслийг ирэх оноос хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.
Монгол банкны Төлбөр тооцооны газрын Бодлого зохицуулалт, үйл ажиллагааны хэлтсийн захирал Т.Алдармаа “Уг системийн гол давуу тал нь банк бус байгууллага, томоохон аж ахуйн нэгжүүд, цахим мөнгөний үйлчилгээ үзүүлэгч болон төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд Автомат клиринг хаус буюу АСН+ системд шууд холбогдож, төлбөр тооцоо дамжуулах боломж бүрдэж байгаа юм. Тэгэхээр хоёр өөр банкны данстай байсан ч төлбөр тооцоог нэг системээр дамжуулан хүлээн авч, явуулах хөдөлгөөнт банк гэж ойлгож болно. Тэгэхээр такси үйлчилгээ эрхлэгч нар апп-наараа дамжуулан төлбөр тооцоог хурдан найдвартай аргаар хүлээн авах боломжтой. Хэрэглэгч цахим төлбөр тооцоогоор төлбөрөө төлөх боломж бүрдэж байгаа юм” хэмээв.
Гаднын улсууд иргэддээ хувийн машинаараа такси үйлчилгээ эрхлэх боломж олгодог
Такси үйлчилгээний апп-ны залуустай уулзаж байхад нийслэл хотын оргил ачааллын үед км-ийн үнийг олон улсын жишиг шиг нэмж болдоггүй. Гурван км явахын тулд хоёр цаг түгжрэн явчхаад 2500 төгрөг авах нь жолооч нарт маш их хохиролтой хэмээн үзэл бодлоо илэрхийлж байсан. Энэ талаар холбогдох албаны хүмүүс замын түгжрэлтэйгээр холбоотойгоор оргил ачааллын үед хэдэн төгрөг байна гэх тооцоолол гаргах маш хэцүү. Такси үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн зүгээс шатахууны үнэ он гарсаар нэмэгдээд байгаа тул таксины нэг км-ийн үнийг 800 төгрөгөөс 1000 төгрөг хүртэл нэмэгдүүлж өгөөч гэсэн хүсэлт Нийслэлийн Тээврийн газарт ирүүлжээ. Тус газраас судалгаа шинжилгээ хийж байгаа ч шийдтэй хариу гараагүй талаар тайлбарлаад байгаа юм.
Такси үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн зүгээс шатахууны үнэ он гарсаар нэмэгдээд байгаа тул таксины нэг км-ийн үнийг 800 төгрөгөөс 1000 төгрөг хүртэл нэмэгдүүлж өгөөч гэсэн хүсэлт Нийслэлийн Тээврийн газарт ирүүлжээ
Нийтийн тээврийн газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэболд “Нийтийн тээврийн газраас хоёр сарын аян зохион байгуулж байгаа энэ хүрээнд такси үйлчилгээний компаниудад такси метртэй, жолоочийн хаягтай, шинэ технологийг нэвтрүүлсэн байдал зэргээр дүгнэх юм. Манай газрын зүгээс ингэ тэг гэсэн шаардлагыг тавих ёсгүй учир такси компаниуд апп-ны үйлчилгээг нэвтрүүлэх эсэх нь өөрсдийнх нь сонголт” хэмээсэн юм.
Тэгэхээр такси үйлчилгээ эрхлэгчид өөрсдөө хүсэх юм бол шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэх боломж манайд байна. Мөн төрийн байгууллагууд стандартаа өөрчлөх юм бол “халтуурчид” такси үйлчилгээний нэг хэлбэр болох апп-наар дамжуулан иргэдэд үйлчлэх боломж нээгдэх юм. Стандартаа өөрчлөхөөс нааш албан ёсны 600 гаруй такситай Улаанбаатар хот хэвээрээ байх нээ.