СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2018-09-14

Улаанбаатарыг Үбэржүүлье!

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

Улаанбаатар хотод нийтийн тээврийн хэрэгсэл автобус баазууд бүрэн хүчин чадлаараа ажиллаад ч 1.5 сая иргэний хэрэгцээг бүрэн хангах боломжгүй. Иймд цаг хугацаа хэмнэж тав тухтай, аюулгүй үйлчилгээг хүссэн иргэд такси хөлсөлдөг. Гэтэл өнөөдөр Улаанбаатарт явж байгаа таксинууд аюулгүй байдал, олон улсын стандарт, тав тухтай орчинг бүрэн хангаж чаддаг бил үү?

Миний санаж байгаагаар таксины жолоочид дээрэмдүүлсэн, бүдүүлгээр хүчирхийлэлд өртсөн гэх хэргүүд нэг хэсэг шил дараалан гарч байсан. Энэ нь хэн дуртай нь унаа хөлөглөж, хэдэн төгрөг цуглуулах гэж таксинд явдагтай холбоотой. Албан ёсны эрхтэйгээр үйлчилгээнд явдаг такси компани нийслэл хотод ердөө 20 орчим байдаг. Бусад нь хувийн тэргээрээ халтуур хийдэг таксичид. Хэрэв та эд зүйлээ мартаж буусан, үг хэлээр доромжлуулсан, илүү мөнгө төлсөн, эрхээ зөрчүүлсэн тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ? Асуудал гарвал албан ёсны бүртгэлтэй такси компаниудад хандаж болох ч бүртгэлгүй хувийн таксигаар үйлчлүүлсэн бол хаана ч хандаад, асуудлаа шийдүүлж чадахгүй болдог шүү дээ.

Хувийн такси эрхлэгчдийн ёс зүй тунчиг амаргүй. Жолооч нарын бухимдалтай, балмад, бүдүүлэг, үгэнд дуртай байдал өглөөг таксидаж эхлүүлдэг үйлчлүүлэгчдийн тэр өдрийн настрыг нь балладаг жишээг өөрийн биеэр ч, эргэн тойрныхноосоо ч бишгүй сонсдог. Үүнийг уншиж байгаа танд ч ийм явдал ядаж ганц удаа тохиолдсон байж таарна.

Энэ бүхнийг хэрхэн шийдвэрлэх вэ? Технологийн шийдэл үүнийг алга урвуулахын төдий шийдэж чадахгүй гэж үү?

Та бидний цаг хугацаа, халаасыг сэгсэрч байгаа таксичдыг эмх цэгцэнд нь оруулах харилцан ашигтай хувилбарыг техник технологийн дэвшлийг ашиглан шийдэж болно. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад үйл ажиллагаагаа явуулдаг “Uber Технологи” компанийн таксигаар үйлчлүүлж байсан манайхан энэ талаар сайн мэднэ. Тус компанийн ачаар Энэ бол такси үйлчилгээ, хоол хүргэлт, унадаг дугуйн түрээс, тээвэр зуучлалын салбарт үйл ажиллагаагаа явуулдаг Америкийн компанийн гаргасан аппликэйшн.

Та “Uber  такси дуудахын тулд өндөр үнэтэй лавлах руу утас цохих хэрэггүй. Утсан дээр суулгасан апп руу нэвтрээд өөрийн байршил, хаана хүргүүлэх мэдээллээ оруулахад л болно. Хариу тэр дороо ирэх ба хамгийн ойрхон зогсож байгаа “Uber такси таны байгаа газар 1-5 минутад л сүнгэнээд ирнэ. Та такси ирэхийг хүлээнгээ ямар марк, өнгийн, хэд гэсэн дугаартай, хэн гэдэг жолооч, ажлын ямар үзүүлэлттэйг харуулсан мэдээлэлтэй танилцаад байж байж болно. Тухайн жолоочид уг зорчигчийг хаана хүргэх мэдээллийг өгдөггүй. (Ер нь дэлхийн аль ч жолооч аль болох хол явахыг хүсдэг юм байна л даа)

Зорчигч суудалдаа суухад апп идэвхжиж, уг зорчигчийг хаана хүргэхийг жолоочид зааж өгнө. Үүгээр зогсохгүй GPS газрын зураг дээр уг зорчигчийг аль замаар хурдан, дөт хүргэхийг хөтөчлөн зааж өгнө. Манайхан шиг “Хөдөөнөөс саяхан орж ирсэн, хот мэдэхгүй” гэх эрх жолоочид байхгүй. Нүдээ аниад ч болтугай зорчигчийг хүрэх газарт нь хүргэхийг GPS хөтөч хэл үггүй зааж өгнө.

Uber” таксины нэг онцлог нь таниас илүү мөнгө авахгүй. Та илүү мөнгө төлөхгүй гэдэгтээ санаа амар байж болно. “Uber таксины үйлчлүүлэгчид төлбөр төлөх картын дугаараа нэгдсэн системд бүртгүүлдэг. Google pay, Apple pay, бэлэн мөнгө болон дотоодын цахим төлбөрийн системийг ашиглаж та төлбөрөө хийж болно. Авууштай нь зорчигч тээвэрлэх замын чиглэл болон цаг хугацаанаас шалтгаалан төлбөрийн хэмжээ тооцогддог. Үйлчилгээ үзүүлж дуусахад зорчигч замын уртаас хамаарч тохирсон мөнгөө төлдөг. Төлөх ч гэж дээ таны дансаас уг апп мөнгийг нь суутган авч, өөрсдийн үйлчилгээний багахан шимтгэлийг суутган, жолооч руу төлбөрийг шилжүүлнэ.

Илүү мөнгө авахын тулд “зам мэдэхгүй дүр эсгэн” тойрч давхихыг “Uber андахгүй. Ийм нэг тохиолдлыг гадаадад Uber таксинд явдаг найз маань ярьж өгсөн юм. Тэрээр нэгэн зорчигчийг аван заасан маршрутаар явж байтал түгжрэл рүү орох болжээ. Иймд зорчигчоос тойрч явж болох эсэхийг асуусан байна. Зорчигч зөвшөөрч. Мэдээж тойрч явсан учир тооцоо ч өндөр гарч. Гэтэл “Uber систем уг зорчигчийн мөнгийг шилжүүлэхдээ дутуу мөнгө өгч гэнэ. Учрыг асуутал “Та 10км явах газарт шулуун явалгүй тойрч явсаар 24км явсан байна” гэжээ. GPS хөтөч 10км-ийн мөнгө төлнө гэж ховлосон хэрэг л дээ. Иймд тухайн өдөр тэр зам түгжрэлтэй байсныг учирласан ба “Uber шалгаж үзээд, Замын цагдаагийн мэдээллээс үндэслэн тохирох хөлсийг нэмж шилжүүлсэн байна. Тэгэхээр энэ апп ухаалаг төдийгүй шударга биш гэж үү.

Хэрэв та хувийн машинаараа “Uber” таксинд ажиллахыг хүсвэл компаниас тавьж буй шаардлагыг хангахад л болно. Анхаарах зүйл нь жолооч нар заавал ухаалаг гар утас ашиглах ёстой. Тогтмол хэрэглэх ухаалаг гар утас, таблетуудаа лизингээр авч болдог системийг нэвтрүүлсэн нь манайханд лав таатай байж таарна. Зорчигчийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд зарим тохиолдолд “Real-Time ID Check” буюу зорчигчийг авангуут сельфи хийх механизм байдаг тул элдэв гэмт хэргээс айлтгүй.

Манайхны дунд түгээмэл байдаг ёс зүйн доголдлыг тун энгийн, ойлгомжтойгоор шийдсэний нэг нотолгоо нь үйлчилгээ бүрийн дараа жолооч болон зорчигчид бие биенээ 1-5 одоор үнэлдэг. Зорчигчдоос бага оноо буюу цөөн од авсан жолооч нарыг зэмлэн шийтгэх болон ажил олгохоос татгалзах хүртэл арга хэмжээ авна. Бүр даамжирвал жолоодох эрхийг нь хасна. Харин жолооч зорчигчийг 3 болон түүнээс доош одоор үнэлсэн бол дахин тэр чиглэлд явах эрхгүй болно. Зорчигчдын хувьд жолоочоос авсан үнэлгээгээ таваас дээш удаа үйлчлүүлсний дараа аль эсвэл хэдэн өдрийн дараа харж болдог. Энэ бол мэдээж ажилчдын аюулгүй байдлыг хамгаалах арга юм. Түүнчлэн манай жолооч нар нэг зорчигчийг буулгаагүй байж нөгөө зорчигчийг зөвшөөрөлгүй авч, аль алинаас нь давхар төлбөр авч хоёр туулай буудсандаа олзуурхах нь элбэг тохиолддог. Энэ асуудлыг “Uber” нэг чиглэлд явах хүмүүст зориулсан хоёр ба түүнээс дээш зорчигчийг хамгийн бага үнээр хамт тээвэрлэх үйлчилгээг санал болгосноор хөнгөхөн шийджээ.

Uber таксины тухай уншиж судлах тусам “Энэ яах аргагүй манайд хэрэгтэй эд байна даа” хэмээн уулга алдсан. Иймээс Улаанбаатарыг Үбэржүүлэх нь таксины үйлчилгээг тойрсон олон асуудлыг цогцоор нь шийдэх боломжийг бидэнд олгох нь ээ.

Эцэст нь би аль нэг компанийг сурталчлаагүй, ердөө л үлгэрлэж болохуйц давуу талуудыг танилцууллаа. Улаанбаатарыг нэн даруй Үбэржүүлье. Эсвэл Азийн зарим орон шиг “Uber-ийг шууд хуулбарласан өөрсдийн технологийг зохион бүтээе. Улаанбаатарчуудыг аз жаргалтай болгох ийм энгийн арга байхад бид яагаад хойш сууна вэ?

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.