Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Франц улсад энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Урьд шөнө шөвгийн наймын эхний тоглолт явагдсан ба Норвегийн шигшээ багийг Английн шигшээ баг 3:0 харьцаагаар буулган авч шөвгийн дөрөвт шалгарлаа. Хоёр багийн хувьд эн тэнцүүхэн тоглолтыг үзүүлсэн ч Англи бүсгүйчүүд гурван гоол оруулснаар ялалт байгууллаа. Тоглолт дөнгөж эхлээд Ж.Скотт гоолдсон бол 40 дэх минутад Вайт гоолдож хоёрдугаар үеийн 57 дахь минутад Вронз гоолдон Английн эмэгтэй шигшээ багийг шөвгийн дөрөвт авчирлаа. Одоогоос 19 жилийн өмнө буюу 2000 онд Европын аваргын сонгон шалгаруулалтын тэмцээнд хоёр баг учраа тааран тоглоход Норвеги бүсгүйчүүд Английн шигшээ багийг 8:0 харьцаагаар бут ниргэж байсан түүхтэй. Харин дэлхийн аваргын шөвгийн наймд Англи бүсгүйчүүд хариугаа авлаа. Англи бүсгүйчүүд дэлхийн аварга болж үзээгүй бол Норвегичууд 1995 онд дэлхийн аварга болж байсан түүхтэй.
Шөвгийн дөрөвт Английн шигшээ баг өнөө шөнө тоглох Франц, Америкийн хожсон багтай тоглох юм.