Жүдо бөхийн олимпын хошой, дэлхийн гурван удаагийн аварга агуу Ш.Оно 30 насандаа их спортоосоо зодог тайлж буйгаа зарлалаа.
Тэрээр тамирчны карьераа дуусган дасгалжуулагчийн замналаа эхлүүлж буйгаа мэдэгдсэн ба Японы олимпын хорооноос зохион байгуулдаг олон улсад дасгалжуулагч бэлтгэх хөтөлбөрт хамрагдахаар болсон байна. Түүний дасгалжуулагч Косей Иноуэ болон Масаши Эбинума аваргуудын Их Британид дасгалжуулагчаар суралцсан ба Ш.Оно тэдний замналаар явахаар шийдсэн тухайгаа мэдэгдсэн байна. Олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга домогт Косей Иноуэ нэгэнтээ Ш.Оног "энэ цагийн хамгийн хүчирхэг жүдоч" хэмээн тодорхойлж байлаа. Жүдо бөх сонирхогчид агуу аваргыг Парисын олимпод хүч үзнэ хэмээн найдаж байсан ч энэ хүсэл талаар боллоо. Гэвч тэрээр өөрийн залгамж олон, олон аваргуудыг бэлтгэх биз ээ.