Өнгөрөгч амралтын өдрүүдэд (12 сарын 3,4) Япон улсын Токио хотноо жүдо бөхийн "Бага дэлхийн аварга" хэмээн нэрлэгддэг Токиогийн их дуулга тэмцээн зохион байгуулагдлаа.
59 орны 346 шилдэг жүдочид өрсөлдсөн энэ удаагийн тэмцээний 14 жингийн 12-т нь Япон тамирчин алтан медаль хүртсэн бол БНСУ, Италийн тус бүр нэг тамирчин алтан медаль хүртсэн байна. Манай улсаас олимпын хүрэл, дэлхийн аварга МУГТ Ц.Цогтбаатар тэргүүтэй эрэгтэй ес, эмэгтэй дөрөв буюу нийт 13 тамирчин өрсөлдөж эрэгтэйчүүдийн -66кг жинд дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ Ё.Басхүү, эмэгтэйчүүдийн -52кг жинд залуучуудын олимпын мөнгө, залуучуудын дэлхийн аварга Л.Сосорбарам нар хүрэл медаль хүртлээ.
ОУХМ Ё.Басхүүгийн хувьд 2018 онд тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан бол ийнхүү медалиа ихэрлүүллээ.
Жүдо бөх сонирхогчдыг энэ оны 20-ноос 22-ны өдрүүдэд Израйл улсад зохион байгуулагдах Иерусалимын мастерс тэмцээн хүлээж байна.
маш их сайхан байн