Мэргэжлийн снукер биллиардын чансаа өндөртэй "Герман Мастерс" тэмцээний шөвгийн дөрвөн тамирчин тодорлоо.
15 дахь удаагийн "Герман Мастерс" тэмцээнд 32 тамирчин өрсөлдсөнөөс дэлхийн аварга бөгөөд дэлхийн чансааг тэргүүлэгч Жадд Трамп аварга болон Барры Хавкинс, Том Форд, Жак Лисовски нарын дөрвөн тамирчин хагас шигшээд тунан үлдлээ.
Урьд шөнө шөвгийн наймын тоглолтууд явагдсан ба хамгийн сонирхолтой учраа нь Жадд Трамп болон "Герман Мастерс 2014" тэмцээний аварга Дин Жунхуй нарын тоглолт байлаа. Тоглолтод 5:3 харьцаагаар Жадд Трамп аварга ялалт байгуулсан ба хоёр тамирчны хувьд өмнө нь бие биенээ тус бүр найман удаа хожоод байсан ба "хайнаа хагалах" тоглолтод Жадд Трамп илүүрхлээ.