Мэргэжлийн снукер биллиардын дэлхийн чансааг тэргүүлж буй шилдэг 16 тамирчин урилгаар оролцдог Мастерс тэмцээн эхэллээ.
Тэмцээний салхийг хагалж дэлхийн чансааны 5-д эрэмбэлэгдэж буй Кайрен Вилсон эхний хожлоо Гары Вилсонг 6:2 харьцаагаар буулган авлаа. Дэлхийн чансааны 14-т эрэмбэлэгдэж буй Жак Лисовски коронавирусийн халдвар авсан тул тэмцээнд оролцох боломжгүй болж түүний оронд Гары Вилсон тэмцээнд оролцох эрхээ аван оролцсон юм. Тоглолтын эхний үед хоёр тамирчин эн тэнцүүхэн өрсөлдөөнийг үзүүлж 2:2 харьцаагаар тэнцээд байсан ч сүүлийн дөрөв тоглолт дараалан Кайрен Вилсон илүүрхэн хожил байгууллаа.
Тоглолтын дараа К.Вилсон: "Бүгд гэр гэртээ хөл хорионд түгжигдсэн энэ хүнд үед бид ямар азтай юм бэ? Дуртай зүйлээ хийж, ялалт байгуулж байгаа нь өөрөө гайхамшиг. Би Мастерсд түрүүлж үзмээр байна" хэмээжээ.
Мөн түүнчлэн тэмцээний эхний өдрийн хоёр дахь тоглолтод дэлхийн чансааны 10-т эрэмбэлэгдэж буй Девид Гилберт дэлхийн чансааны 8-д эрэмбэлэгдэж буй Жое Перриг хожлоо. Хоёр тамирчны хувьд урьд нь 16 удаа учраа тааран тоглож бие биенээ тус бүр найман удаа хожоод байсан юм.
Ийнхүү коронавирусийн халдвар авсан Жадд Трамп, Жак Лисовски нарын оронд тэмцээнд оролцох эрхээ авсан Гары Вилсон, Жое Перри нар эхний тойрогт хожигдон тэмцээнээ дуусгалаа.