Мэргэжлийн снукер биллиардын энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болох Дэлхийн гранпри тэмцээн явагдаж дууслаа.
Дэлхийн чансааны шилдэг 32 тамирчин урилгаар оролцдог дэлхийн гранпри тэмцээний финалд дэлхийн чансааг тэргүүлэгч Жадд Трамп аварга болон Жак Лисовски нар тунан үлдэж тоглосон ба Жадд Трамп аварга 10:7 харьцаагаар ялалт байгууллаа.
Ийнхүү дэлхийн гран прид түрүүлснээр Ж.Трамп карьерийхээ 20 дахь чансаа олгох тэмцээнд түрүүлж байна. Снукер биллиардын түүхэнд чансаа олгох тэмцээнд 20-оос дээш удаа түрүүлсэн дараах зургаан тамирчин байдаг.
- Ронни О Сулливан 37 удаа
- Стивен Хендри 36 удаа
- Жон Хиггинс 30 удаа
- Стив Девис 28 удаа
- Марк Виллиамс 22 удаа
- Жадд Трамп 20 удаа
Жадд Трамп сүүлийн 25 сарын хугацаанд 13 цом өргөсөн нь энэ цагийн снукер биллиардын ноён оргил болохыг нь баталж буй тод жишээ юм. Мөн түүнчлэн дэлхийн гран при тэмцээн 2015 оноос долоо дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бол гурван удаад нь /2015, 2019, 2020/ Жадд Трамп аварга түрүүлж байна.