Мэргэжлийн снукер биллиардын чансаа олгох "2020 Scottish Open" тэмцээн зохион байгуулагдаж байна.
Энэ сарын 7-ны өдөр эхэлсэн тус тэмцээнд дэлхийн чансааны эхний 128-д эрэмбэлэгдэж буй шилдэг тамирчид өрсөлдөж байгаагаас одоогийн байдлаар шилдэг 32 тамирчин тунан үлдээд байна.
Тэмцээний онцлог тоглолтуудаас дурдвал өнгөрөгч долоо хоногт "UK Championship" тэмцээний шөвгийн 16-д дэлхийн дөрвөн удаагийн аварга Жон Хиггинсийг буулган авч шуугиан тарьсан Хятадын залуу тамирчин болох Зоу Юлонг дахин шуугиан тарьлаа. Тэрээр снукер биллиардын хамгийн дээд оноо болох 147 оноог авсан байна. Энэ нь снукер биллиардын түүхэн дэх 164 дэх удаагийнх бол Зоугийн хувьд карьерийнх нь хоёр дахь 147 оноо байлаа.
Түүхийг эргэн сөхвөл хамгийн анхны 147 оноог 1982 онд Стив Девис бүртгүүлж байжээ. Үүнээс хойш хамгийн олон удаа 147 оноо авсан тоглогч бол энэ цагийн амьд домог Ронни О Сулливан юм. Тэрээр нийт 15 удаа 147 оноо авч байсан байна.