Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт Франц, Германы лигээс тус тус хоёр баг тунан үлдлээ.
Шөвгийн наймын эхний тоглолтуудад ПСЖ клуб 2:1 харьцаагаар Аталантаг, Лиепзиг клуб мөн 2:1 харьцаагаар Атлетиког тус тус буулган авсан тоглолтуудын тоймыг манай сайт цаг тухай бүрд нь толилуулж байлаа.
Харин өнгөрөгч амралтын өдрүүдэд Байерн Мьюнхен клуб Испанийн Барселонаг 8:2 харьцаагаар бут ниргэсэн бол Лион клуб Манчестер Ситиг 3:1 харьцаагаар буулган авч тус тус хагас шигшээд шалгарлаа.
Байерн Мьюнхен 19 дэх удаагаа аваргуудын лигийн хагас шигшээд үлдлээ
Аваргуудын лигийн шөвгийн наймын оргил тоглолт бол яах аргагүй Испанийн Барселона, Германы Байерн Мьюнхен багуудын тоглолт байлаа. Аль аль баг нь шөвгийн наймд 18 дахь удаагаа шалгараад байсан Европын төвшинд хамгийн өндөр амжилттай яваа багууд юм. Тоглолтын эхний үед Байерн Мьюнхен клубээс Мьюллер дабль хийж, Перишич, Ганбри нар эхний үед гоол оруулсан бол хоёр дугаар үед Коунтино дабль хийж Киммич, Левандовски нар тус бүр нэг гоол оруулж гангарлаа. Барселона клубээс Суарез гоолдсон бол Байерн Мьюнхений Алаба автогоол оруулж тэднийг хоёр гоолтой болгосон байна.
Таамаг эвдсэн тоглолтыг Лион үзүүлсээр байна
Аваргуудын лигийн шөвгийн наймын сүүлийн тоглолт болох Манчестер Сити болон Лион клубуудын тоглолтын өмнө хөлбөмбөг сонирхогчид Манчестер Сити клубыг хожно хэмээн таамаглаж байлаа. Энэхүү тоглолтод Девид Силва Манчестер Сити клубын төлөө сүүлийнхээ тоглолтыг хийсэн байна. Тэрээр багийнхаа төлөө 436 тоглолтод оролцон 77 гоол оруулж 140 гоолын дамжуулалт өгч, дөрвөн удаа Премьер лигт түрүүлж байлаа.